Өчигдөр УИХ-ын чуулган нээлтээ хийхэд Г.Занданшатар дарга нээж үг хэлэхдээ “Нийгэм өөр болжээ. Хулгай луйвар, худал үг 5 алхалгүй баригддаг цаг үе бидэнд ирлээ” гэж онцолсон нь цаг үеэ мэдэрсэн үг байв.
Ногоон автобусны асуудал дэгдэхэд аргаа барсан хотын удирдлагууд “Шинэ гээд байгаа юм биш үү” гэж “уурлаад” Сүхбаатарын талбайд дэлгэж үзүүлэв. МҮОНРТ -ээс гадна олон ч хэвлэлүүд “Өө шинэ байна” гэж сурвалжилга хийж олон нийтэд хүргэсэн. Гэвч хүмүүс TV мэдээ ганцхан үзээд итгээд сууж байв уу гэвэл ҮГҮЙ. Улс төрчдөөс ч төлбөр авч жиргэдэг, пост оруулдаг хүмүүсийг иргэд олон нийт андахаа больж “тэр хиамчин”, “энэ хиамчин” гэж шоглож хэлсэн үгэнд нь итгэх биш дундаа авчраад хэлэлцүүлэг өрнүүлдэг, өөр өөрсдийнхөө байр суурийг хуваалцдаг болсон нь ажиглагдав.
Дэлгэж тавьсан автобуснуудаа хэвлэлээр “шинэ” гэж хэлүүлээд сошиалаар “үнэн” гэж сэвүүлнэ гэдэг төлөвлөгөөг улс төрчид гаргасан ч нөхцөл байдал тэс өөрөөр эргэж Да хүрээгийн машины ченжүүд оччихсон “Өө эндээ замасктай, тэндээ засвартай” юм байна гээд өөрсдөө лайв хийчихсэн зогсож байв. Ёстой л долоох нь долоож, хазах нь хазаж- баримтыг нэхэх нь нэхэв. Болоогүй ээ, “Наад автобусыг чинь хилээр орж явахад нь би таарсан ш дээ, инженер хүн болохоор хэн авч байгаа юм бол гээд сонирхоод харсан” гээд пост явж байтал үргэлжлээд “Би насаараа тээвэр зуучлалын компани ажуулсан юм аа. Энэ автобуснуудаа хэрхэн авч ирсэн нь ч сонин байна” гээд бизнес эрхлэгч нар нь ороод ирсэн.
Ногоон автобусны асуудал хотын даргыг ч, хариуцсан сайдыг ч огцруулав. Гэвч нийгмийн хэлэлцүүлэг дуусаагүй үргэлжилсээр… Хуульч, эдийн засагч, орчуулагч, бизнес эрхлэгч, жирийн малчин, оюутан… Өөр өөрийн өнцгөөс, өөр өөрийн эрх ашгаа илэрхийлж хэлэлцэж буй нь хөгжил дэвшлийн суурь мэт.
Монголын улс төрчид иргэдээ доромжилсоор, үл ойшоосоор ирсэн. Тиймдээ ч хулгай луйвар хийх, хээл хахууль авах, гэмт хэрэгт холбогдохоо юман чинээ тоодоггүй. Гэвч цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй гэдэг шиг нийгэм нь хөгжлөө тодорхойлно.
Өнөөдөр Монголын иргэдийн 98 хувь нь гар утастай, хаанаас ч интернэтэд орох боломжтой нөхцөлд амьдарч байна. Тэд бүгд мэдээллийг хүлээн авагч төдийгүй дамжуулагчид. Тиймдээ ч үнэн бас бодитой, сонирхолтой л бол энгийн иргэн ч “тренд”-ийг тодорхойлж, шийдвэрт нөлөөлж чадаж байгаа нь ирж буй цагийн бодит байдал гэлтэй.