УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан үргэлжилж байна.
Өмгөөлөгч Ц.Ганцэцэг хэлэхдээ “Миний үйлчлүүлэгчийн биеийн байдал есдүгээр сарын 23-наас муудаж, улмаар есдүгээр сарын 25-нд эмнэлгийн тусламж авч эхэлсэн.
Иймд таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой хүсэлтийг есдүгээр сарын 27-ны өдөр нотлох баримтын хамт шүүхэд хүргүүлсэн байгаа.
Даралт унах, бөөлжих, халуурах, толгой эргэж, толгой хавагнах нөхцөл байдалтай байсан. Иймээс өмгөөлөгчийн зүгээс хүсэлт тавьж, эрүүл мэндийн тодорхойлолт авсан.
Мөн зарим нэгэн шинжилгээний хариу гарсан байгаа. Нойр булчирхайн үрэвслээс шалтгаалан даралт унасан байж магадгүй гэх оношийг эмч нар тавьж байгаа. Тиймээс миний үйлчлүүлэгч эмнэлэгт хандаж, нарийн мэргэжлийн эмчид үзүүлж өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалуулах шаардлагатай байна” гэлээ.
Мөн тэрбээр “Миний үйлчлүүлэгч арав дахь сардаа цагдан хоригдож байгаа. Анх цагдан хоригдохдоо цоо эрүүл байсан.
2023 оны хоёрдугаар сард гарсан эрүүл мэндийн тодорхойлолтоор ямар ч өвчин эмгэггүй байсан бол удаан хугацаанд цагдан хоригдсоноос үүдэн биеийн байдал доройтож байна.
Даралт унасан, цус харвалтын эхний шинж байна гэж эмч нар үзэж буй. Шинжилгээний хариунаас харахад цусны улаан эс нь ихэссэн нөхцөл байдалтай байгаа. Цаашид эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай.
Ийм учраас эрүүл мэндээ хамгаалах нөхцөл бололцоог хангаж, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх хүсэлт гаргав” хэмээн хэллээ.