Боловсрол, Шинжлэх Ухааны Яам(БШУЯ)-наас өнөөдөр багш нарын гүйцэтгэлийн үнэлгээний дүнг танилцуулав.
Энэ удаагийн үнэлгээнд 681 сургууль, 28,382 багш, 912,978 суралцагч хамрагджээ.
БШУЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Батцэцэг “Багш нараа таван түвшинд үнэлж, нийт ажилтныхаа урамшууллыг тогтолцоог бий болгосноор түүнд тохирсон нэмэгдэл хөлсийг өгч байна.
Боловсрол, шинжлэх ухааны салбарт 2021, 2022, 2023 оны есдүгээр сарын байдлаар ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагын цалингийн сангийн гүйцэтгэлийг танилцуулж байна.
Статистик үзүүлэлтийг танилцуулахад 2010-2022 он буюу 12 жилийн хугацаанд нийт инфляцын түвшин 111 хувиар өссөн байхад боловсролын салбарын цалин 169.1 хувь өссөн байгаа. Энэ нь инфляцын түвшинтэй уялдсан, боловсролын салбарын шинэчлэлийн хүрээнд цалинг нэмэгдүүлсэн, мөн гүйцэтгэлд нь суурилсан урамшууллын тогтолцоог бий болгосны ач холбогдол нь дээрх мэдээллээс харагдаж байгаа юм.
2023 оны 241 дүгээр тогтоолоор ЕБС, СӨБ-ын багш нарын цалинг 20-30 хувь нэмэгдүүлсэн. Мөн энэ оны есдүгээр сарын 1-ний 326 дугаар тогтоолоор багш нарын гүйцэтгэлийн үнэлгээг 50 хүртэл хувиар нэмэгдүүлэхээр болж, 2024 оны төсвийн төсөлд тусгах гэж байгаа” хэмээв.
Боловсрол, шинжлэх ухааны салбарын урсгал зардлын 65.4 хувийг цалин хөлсний сан эзэлдэг байна.