Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Завханы нутгаар их цас орно.

Малч­ид, иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгаар нойтон цас, цас орж, зам даваанд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

2023 оны есдүгээр сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орно.

Салхи  ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Алтайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр 0-5 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 15-20 хэм, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар 10-15 хэм, бусад нутгаар 6-11 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун  хойноос секундэд 6-11 метр. 7-9 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр.  7-9 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр 6-8 хэм дулаан байна.


2023 оны есдүгээр сарын 27-ноос 10 дугаар сарын 01-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

27-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орно. Салхи 27, 28-нд Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 8-13 хэм дулаан байна. 29-нд нутгийн баруун хагаст, 30-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

By Enkhjin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн