Аялал жуулчлалын оператор компаниудын залуус хамтран хандивын аян өрнүүлж, үерийн гамшигт өртсөн иргэдэд хандив өгчээ.
Тодруулбал Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Дарь-Эх болон Монель орчимд өнгөрсөн наймдугаар сарын 5-нд болсон гэнэтийн аадар борооноос болж үүссэн үерийн гамшигт олон айл өртөж, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон харамсалтай үйл явдал болсон. Иймд Монгол дахь Солонгос зах зээлийн аялал жуулчлалын холбооны гишүүн тур оператор компаниуд хандивын аян эхлүүлж, нийт 37 компани нэгдэж оролцсон байна.
Тус цугласан хандивыг БЗД-ийн 21 дүгээр хорооны Засаг дарга Н.Эрдэнэзаяа болон хэсгийн ахлагч нартай хамтарч үерт автсан айлуудаас найман өрхийг сонгож өгчээ.
Түүнчлэн есдүгээр сарын 27-нд болон Дэлхийн аялал жуулчлалын өдрийг тохиолдуулан тус хорооны 20 өрх айлд өвлийн түлшний дэмжлэгийг энэ сарын 25-нд олгож, тусламж үзүүлсэн байна.
МОКТА буюу Монголын Солонгос зах зээлийн аялал жуулчлалын холбоо нь БНСУ-аас жуулчид хүлээн авч ажиллуулдаг дотоодын тур оператор компаниуд юм. 2023 оны хавар буюу тавдугаар сард Монгол Улсад анх удаа Монгол Солонгосын аялал жуулчлалын форумыг БОАЖЯ, Нийслэлийн Аялал Жуулчлалын Газрын дэмжлэгтэй, Аялал Жуулчлалын Хөгжлийн төвтэй хамтран амжилттай зохион байгуулсан бөгөөд өнөөдрийн байдлаар манай улсад ирсэн БНСУ-ын жуулчид 2019 оны үзүүлэлтээ давж, 105,000 орчим жуулчид иржээ.
Ирэх аравдугаар сард БНСУ-ын Сөүл хотод болох “Трэвел Шоу 2023” аялал жуулчлалын үзэсгэлэнд тус холбоо нь Монгол Улсаа төлөөлж оролцохоор бэлтгэж байгаа юм байна.