Монгол Улсад архи, согтууруулах ундааны борлуулалт анх удаа хоёр сая литрээр буурсан үзүүлэлтийг Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх, анагаах ухааны доктор Т.Мөнхсайхан өнөөдөр танилцуулав.

Тодруулбал 2022 оны эхний хагаст 16.8 сая литр архи, согтууруулах ундаа борлуулсан бол энэ оны мөн үед 14.6 сая литр болж, 2.2 сая литрээр буурсан байна.

Мөн импортоор авсан архи, согтууруулах ундааны хэмжээ 150,000 литрээр багассаныг тэрбээр мэдээлсэн.

Архи, согтууруулах ундаа хэрэглэснээс үүдэлтэй гэмт хэрэг, зөрчлийн талаар Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газрын дэд дарга, цагдаагийн хурандаа О.Оюутболд дараах тоон мэдээллийг өглөө.

Тэрбээр “Цагдаагийн байгууллагын тэргүүлэх чиглэлийн ажил бол гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх явдал.

2023 оны нэгдүгээр сараас дагаж мөрдсөн Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг Монгол орон даяар дагаж мөрдөж эхэлсэн. Энэ хууль хэрэгжсэнтэй холбогдуулан согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн тоон үзүүлэлтүүд өмнөх оны мөн үетэй харьцуулахад буурсан эерэг үзүүлэлттэй гарлаа.

Тухайлбал энэ оны эхний найман сарын байдлаар 25,392 гэмт хэрэг бүртгэгдсэний 3,289 нь буюу 13 хувийг согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг эзэлж байгаа юм.

  • Согтуугаар үйлдэгдсэн 3,289 гэмт хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулаад үзэхэд 616 нэгж буюу 15.8 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй гарсан.
  • Зөрчлийн тоон мэдээллийг судалгаагаар гаргаж үзсэн. Энэ оны найман сард согтуугаар үйлдэгдсэн 1,964,123 зөрчил шалгаснаас 48,723 буюу 2.5 хувь нь согтуугаар үйлдэгдсэн. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7,700 буюу 13.6 хувиар согтуугаар үйлдэгдсэн зөрчил буурсан тоон мэдээлэл байна.
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийн тухайд тоон мэдээллийг гаргасан. Эхний найман сарын байдлаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, торгуулсан, эрхээ хасуулсан 23,561 зөрчил бүртгэгджээ. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8,264 буюу 26 хувиар буурсан.

Энэ эерэг тоон мэдээлэл гарахад хэд хэдэн шалтгаан нөхцөлүүд байна гэж үзсэн” хэмээв.

Үргэлжлүүлэн “Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-ын 2019 оны судалгаагаар архинд донтох эмгэгтэй 90,000 орчим хүн байгааг мэдээлсэн.

Үүнээс цагдаагийн байгууллагын дуудлага мэдээлэлд бүртгэгдэж, хүргэгдэн ирдэг зорилтот бүлгийн 2,000 гаруй иргэн рүү чиглэсэн ажил, арга хэмжээг холбогдох байгууллагууд явуулж байна.

Эдгээр иргэнийг сайн дурын үндсэнд архинд донтох эмгэгээс нь салгах, нийгэмшүүлэх, сэтгэл заслын эмчилгээ хийх зэрэг ажлыг эрүүл мэндийн байгууллага болон холбогдох байгууллагатай хамтарч хийсний үр дүнд дуудлага мэдээллүүд багасаж байна” гэлээ.

Энэ оноос хэрэгжиж эхэлсэн хууль, эрх зүйн хүрээний зарим тайлбар мэдээллийг хүргэсэн юм.

2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн, УИХ-аас баталсан Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд зарчмын шинж чанартай хэд хэдэн өөрчлөлт орсон. Тухайлбал архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг бусдаас шаардах, шахахыг хуулиар хориглосон.

Үүнтэй холбогдуулан жил болгоны Цагаан сарын баяраар цагдаагийн байгууллагад согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдлуудын тоо өмнөх оны мөн үеүдтэй харьцуулж үзэхэд маш бага бүртгэгдсэн.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэх, худалдан борлуулахад тодорхой хязгаарлалтуудыг хуулиар тогтоож өгсөн.

Соёл урлагийн арга хэмжээний үеэр бага градустай буюу 18-аас доош хатуулагтай согтууруулах ундааны зүйл болох шар айраг, оргилуун дарс, виног худалдан борлуулах, үүгээр иргэд үйлчлүүлж хэрэглэхийг нь хуулиар зөвшөөрсөн.

Мөн согтууруулах ундааны зүйл худалдан борлуулж буй ААН, байгууллагуудыг өөрсдийг нь хариуцлагажуулах хууль, эрх зүйн зохицуулалт бий болсон.

Нэгэнт согтууруулах ундааны зүйлээр үйлчилж байгаа, худалдан борлуулж буй ААН, байгууллагууд өөрсдөө үйлчлүүлэгч нарынхаа аюулгүй байдлыг хангах, зүй ёсны шаардлага тавих эрх зүйн зохицуулалтыг бий болгож өгсөн. Ингэснээр иргэдийн амар тайван, аюулгүй байдлыг алдагдуулахгүй байх, хүний халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэгдүүлэхгүй байх нөхцөлийг ААН, байгууллагууд маань өөрсдөө хариуцлагажуулан үүрээд явж байгаа нь маш чухал.

Мөн дараагийн чухал зүйл нь энэ батлагдан гарсан хуулиар архидан, согтуурахтай тэмцэх сангийн хөрөнгийн асуудлыг шийдвэрлэж өгсөн. Архи, согтууруулах ундааны хэрэглээг бууруулах, донтох эмгэгтэй хүмүүсийг эмчлэх эмчилгээний зардалд тусгагдаж байна гэдгийг цагдаагийн хурандаа О.Оюутболд хэлсэн юм.

Онцгой албан татварын тухай хуульд заасны дагуу архи, согтууруулах ундааны литр тутмаас 300 төгрөгийн орлогыг Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих санд тухай бүр төвлөрүүлэхээр тусгасан. Эхний зургаан сарын байдлаар тус санд 4.3 орчим тэрбум хуримтлагдаад байгааг мэдээлсэн юм.

By Enkhjin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн