Оросын Холбооны Улсаас арилжааны бензин, дизель түлш экспортлохыг түр хугацаагаар хориглох тухай
2014 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Евразийн эдийн засгийн холбооны тухай гэрээний 29, 47 дугаар зүйл, дээрх гэрээний 7 дугаар хавсралт, “Гадаад худалдааны үйл ажиллагааны төрийн зохицуулалтын үндэсийн тухай” Холбооны хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь заалтын 1 дэх хэсэгт заасны дагуу болон ОХУ-ын эрчим хүчний аюулгүй байдлыг хангах зорилгоор ОХУ-ын Засгийн газраас тогтоох нь:
- Энэ тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн арилжааны авто бензин (код – ТН ВЭД ЕАЭС 2710 12 411 0 – 2710 12 590 0), дизель түлш (код – ТН ВЭД ЕАЭС 2710 19 421 0 – 2710 19 429 0 мөн 2710 19 290 0) (цаашид “бараа” гэх) болон биржийн арилжаагаар худалдаж авсан барааг оролцуулан ОХУ-аас экспортлохыг түр хугацаагаар хориглосугай.
2.Энэ тогтоолын 1 дэх хэсэгт заасан түр хориг нь дараахь зүйлд хамаарахгүй. Үүнд:
а) Евроазийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудад Засгийн газар хоорондын хэлэлцээрүүдэд заасан урьдчилсан тэнцэлийн болон (эсвэл) протоколын хүрээнд ОХУ-ын нутаг дэвсгэрээс экспортлох бараа;
б) ОХУ-ын Засгийн газрын шийдвэрийн үндсэн дээр гадаадын улс орнуудад үзүүлэх олон улсын хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд ОХУ-ын нутаг дэвсгэрээс экспортлох бараа;
в) Олон улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд ОХУ-ын нутаг дэвсгэрээс экспортолох бараа;
г) ОХУ-ын нутаг дэвсгэрийн гадна эхэлж, дуусгавар болох олон улсын транзит тээврийн нэг хэсэг болгон ОХУ-ын нутаг дэвсгэрээс экспортлох бараа, түүнчлэн ОХУ-ын нутаг дэвсгэр дотор гадаад улсын нутаг дэвсгэрээр дамжин тээвэрлэгдсэн бараа;
д) хадгалах зориулалттай технологийн агуулах саванд хадгалагдах бараа, тээврийн маршрутын дагуу ашиглагдах усан, агаарын, төмөр замын эсвэл авто замын тээврийн хэрэгсэл;
е) гадаад улсын нутаг дэвсгэрт байрлах ОХУ-ын цэргийн ангиудын үйл ажиллагааг дэмжих зорилгоор ОХУ-ын нутаг дэвсгэрээс экспортолох бараа;
ж) Байконур (Бүгд Найрамдах Казахстан Улс) болон Байконур цогцолборын нутаг дэвсгэрт байрлах ОХУ-ын байгууллагуудын үйл ажиллагааг хангах зорилгоор ОХУ-ын нутаг дэвсгэрээс экспортлох бараа;
з) Шпицберген архипелаг дахь ОХУ-ын байгууллагуудын үйл ажиллагааг хангах зорилгоор ОХУ-ын нутаг дэвсгэрээс экспортлох бараа;
и) энэ тогтоол хүчин төгөлдөр болохоос өмнө гаалийн бүрдүүлэлтийг эхлүүлсэн, нээлттэй хувьцаат компани тээвэрлэхэд хүлээн авсан Евразийн эдийн засгийн холбооны гаалийн нутаг дэвсгэрээс экспортлохыг зөвшөөрсөн бараа, “Оросын төмөр зам” компани эсвэл энэ тогтоол хүчин төгөлдөр болохоос өмнө далайн хөлөг онгоцонд ачих шийдвэр гарсан бараа;
к) Бүгд Найрамдах Абхаз, Өмнөд Осетийн Бүгд Найрамдах Улс руу ОХУ-ын нутаг дэвсгэрээс экспортлох бараа;
л) хувь хүмүүсийн хувийн хэрэгцээндээ ашиглахаар экспортлох бараа.
- ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яаманд холбогдох журмын дагуу энэхүү тогтоолын 1 дэх хэсэгт заасан түр хоригийн тухай Евразийн эдийн засгийн комисст мэдэгдсүгэй.
- Энэхүү тогтоолыг албан ёсоор нийтэлсэн өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
ОХУ-ын Засгийн газрын тэргүүн М.Мишустин