Дэлхийн хамгийн шилдэг нисэх буудлуудын нэг болох Сингапурын Чанги олон улсын нисэх буудал ирэх оноос эхлэн зорчигчдыг паспортгүй нэвтрүүлдэг болох юм байна.
Тухайлбал тус хот улсаас гадагшаа нисэж буй зорчигчид хилээр нэвтрэхдээ паспортоо шалгуулахгүй, зөвхөн биометрик өгөгдлөөрөө нэвтрэхээр болжээ.
“Хилийн шалгалтыг паспортгүй, автомат горимд шилжүүлсэн дэлхийн эхний цөөн хэдэн улсын нэг Сингапур болно” гэж Даваа гарагт парламентын чуулганд оролцсон тус улсын харилцаа холбооны сайд Жозефин Тео зарласан байна.
Паспортын оронд ашиглах биометрик өгөгдөл нь царай таних технологийн тусламжтай системд үүсэх гэнэ. Чанги нисэх буудлын зарим хэсэгт энэ технологи хэдийнээ хэрэгжээд эхэлсэн юм.
Системд нэгэнт үүссэн зорчигчдын царайн өгөгдлийг зөвхөн хилээр нэвтрэхэд бус, мөн ачаа тээшний бүртгэлд, онгоцонд суух тасалбарын (boarding pass) оронд давхар ашиглах юм байна.
Сингапурын Чанги нь дэлхийн шилдэг нисэх буудлуудын жагсаалтад байнга дээгүүр эрэмбэлэгддэг, бас дэлхийн хамгийн өндөр ачаалалтай нисэх буудалд тооцогддог.
Тус нисэх буудлаас 100 гаруй авиа компанийн онгоц дэлхийн 100 орчим улсын 400 хотын чиглэлд нислэг үйлддэг байна.
Энэ оны зургаадугаар сард Чанги буудал 5.12 сая зорчигч хүлээж авсан нь цар тахал эхэлсэн 2020 оны нэгдүгээр сараас хойш анх удаа 5 саяын босгыг давсан тохиолдол болжээ.
Паспортгүй автоматжуулсан шийдлийн үр дүнд зорчигчийн тоо цар тахлын өмнөх үеийн түвшиндээ хурдан хүрнэ гэж Сингапурын эрх баригчид тооцоолж байна.