Америкийн поп од Кэти Перри бүх уран бүтээлийнхээ эзэмших эрхийг Litmus Music компанид бөөнд нь $225 саяар зарсан тухай эх сурвалжууд мэдээлжээ.
Уг наймаа түүний 2008 онд гаргасан “One of the Boys”-оос эхлээд 2020 оны “Smile” хүртэл таван том цомгийг багтааж байгаа юм байна.
Үүнээс өмнө Канадын дуучин Жастин Бибер энэ оны нэгдүгээр сард Их Британийн Hipgnosis Songs Capital компанид уран бүтээлийн бүх каталогоо $200 саяд зарсан юм.
Ингэснээр Litmus Music компани цаашдаа Кэти Перригийн уран бүтээлүүдийг өмчилж, тэдгээрийг ашиглаж олсон бүх хэлбэрийн орлогоос рояалти авах юм.
Перригийн “Dark Horse”, “Roar” хоёр дуу нь Spotify платформд нэг тэрбум давсан хандалттай байдаг бол “Roar” дууных нь 3.8 тэрбум хандалттай видео YouTube платформд дээгүүр жагсдаг.
2010-аад оны үед сонсогчдыг байлдан дагуулж байсан Кэти Перри сүүлийн жилүүдэд жүжигчин Орландо Блумтэй гэр бүл болж, хувийн амьдралдаа ихэнх цагийг зарцуулдаг болсон юм.
Litmus Music компани өмнө нь Кэйт Урбаны уран бүтээлүүд болон Эд Ширан, The Weeknd, Рианна, Бритни Спирс нартай ажиллаж байсан дуу зохиогч Бэнни Бланкогийн бүтээлүүдийн эрхийг худалдан авч байжээ.
Хөгжмийн уран бүтээлчдийн мөнхийн бүтээлүүдийн өмчлөх эрхийг худалдаж аваад урт хугацааны орлогын эх үүсвэрээ болгодог бизнес загвар сүүлийн хоёр жилийн хугацаанд эрчимтэй хөгжиж байна.
Өнгөрсөн хугацаанд Боб Дилан, Нэйл Янг, Шакира, Дэбби Харри, Жастин Тимберлэйк зэрэг одод уран бүтээлүүдийнхээ есөн оронтой тоогоор хэмжигдэх ирээдүйн орлогыг ийм замаар урьдчилж аваад байна.