Нэр бүхий сайтууд өөрийнх нь талаар худал мэдээлэл түгээж буй асуудлаар Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч асан Б.Дэмбэрэл “Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулав.
Тэрбээр “Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагаас эхлээд зарим сайтаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Э.Бат-Амгалан болон надтай холбоотой худал мэдээлэл цацагдсан.
Эрүүгийн онц ноцтой гэмт хэрэгт намайг холбогдуулж, “БНХАУ-ын иргэдийг 200 сая төгрөгөөр залилаад Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа” гэх мэдээллийг зохион байгуулалттайгаар түгээлээ.
Тэд мэдээллийн тэнцвэрт байдлыг хадгалж ядаж надтай холбогдох болов уу, залруулга хийх байх гэж харлаа. Гэвч ямар ч залруулга хийсэнгүй.
Намайг Пүрэвсүрэнгийн Уянга гэдэг эмэгтэйг таньдаг, компани байгуулаад хүн залилсан мэтээр бичжээ.
Улс төрчдийн явуулж буй зохион байгуулалттай ажил гэж хардаж байгаа. Нэг ижил тексттэй, бичилттэй, зурагтай мэдээг олон сайтаар зэрэг түгээсэн. Би хуулийн байгууллагад хандаж, энэ хэрэгт холбогдолгүй гэдгээ нотолно.
Надад ямар нэгэн махны зоорь түрээсэлдэг бизнес байхгүйг албан ёсоор хэлье” гэлээ.
Мөн “Хэн дуртай нь хүнийг ингэж гүтгэн доромжилж болохгүй. Хүнийг эрүүгийн онц ноцтой гэмт хэрэгт холбогдуулан мэдээлэл тавихын тулд ядахдаа шалгагдаж буй талаас асуух хэрэгтэй. Цагдаагийн байгууллагаас тодруулж байж мэдээ мэдээллээ гаргах ёстой шүү дээ.
Би амьдралдаа Б.Уянга гэдэг хүнтэй үерхэж ч үзээгүй байхад таньдаг мэтээр бичиж байна. Компани байгуулаад хүн залилаад явсан удаагүй.
Улс төрийн намын сонгуульд жагсаалтаар орох хууль батлагдсан. Энэ дагуу сонгуульд нэр дэвшихэд манай нам дүрэмдээ өөрчлөлт оруулсан байдаг. Эрүүгийн болон авлига, албан тушаалын гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан, шалгагдаж буй хүнийг нэр дэвшүүлэхгүй гэж дүрэмдээ орсон.
Үүнтэй холбоотойгоор нэгнийгээ сонгуулийн өмнө гэмт хэрэгт гүтгэж, гэмт хэрэгт холбогдсон мэтээр олон нийтэд ойлголт төрүүлэх нь бүдүүлэг, ёс зүйгүй улс төр” гэж хэлэв.