Тэтгэврийн шинэчлэлд хохирогч ахмадууд Засгийн газарт шаардлага хүргүүлэх тухай мэдээлэл хийлээ.
Тодруулбал 2023 оны зургаадугаар сарын 21-ний өдрийн Засгийн газрын 238-р тогтоолын итгэлцүүрээр ахмадуудын тэтгэврийг 10 хувиар нэмэхээр болсон. Гэвч ихэнх ахмадуудын тэтгэвэр 500-600 мянга төгрөгийн хооронд байсан гэдгийг ахмадуудын төлөөлөл хэлж байлаа. Үргэлжлүүлэн энэ талаар ахмадуудын төлөөлөл “Тэтгэвэр нэмэгдсэн өдөр төр засгаасаа бэлгээ авна гээд тэтгэврээ шалгатал 4,000 төгрөгөөр нэмэгдсэн байсан. Залуу насандаа Монгол Улсыг хөдөө аж ахуйн орноос үйлдвэр хөдөө аж ахуйн орон болтол нь бүтээн байгуулсан ахмадуудын хөдөлмөрийг үнэгүйдүүлж байна.
“10 жилийн өмнөх цалингийн дээд хязгаараар бидний тэтгэврийг тогтоосон байна”
Тэтгэвэр нэмэгдээгүй асуудал юунаас болсон талаар судлаад үзэхэд бидний итгэлцүүрээр өсгөсөн хангалттай өндөр хэмжээний цалинг одоогоос 10 жилийн өмнөх цалингийн дээд хязгаараар тайрсан байна. Уг тайрсан цалин буюу 1,404,000 төгрөгөөс тэтгэврийг тогтооход 500-600 мянган төгрөгийн хооронд болж байгаа юм.
10 жилийн өмнөх цалингийн дээд хязгаараар бидний тэтгэврийг тогтоож байгаа нь 10 жилийн өмнө үхсэн хүнийг өнөөдөр босгож ирээд ажиллуулсантай адил байна. Иймд уг шийдлээ засаж өгөхийг хүсэж Засгийн газарт шаардлага хүргүүлж байна” гэв.
Үргэлжлүүлэн хүний эрхийг зөрчсөн олон заалт, тогтоолын талаар “2020 оноос тэтгэврээ тогтоолгож байгаа гурван хүүхэд төрүүлсэн ээжүүдэд нэг хүүхэд тутамд нь 1.5 жилээр нэмнэ гэсэн байна. Тэгвэл 2010 оноос өмнө хүүхэд төрүүлсэн ээжүүд хүн биш юм уу?
“Атар талхны үнээр итгэлцүүр тогтоосон нь байж болохгүй асуудал”
Түүнчлэн 2000 оны орчимд ажил хийж байсан хүмүүсийн тэтгэвэр огт нэмэгдэхгүй байна. Учир нь 1990 оноос өмнөх итгэлцүүр нь 2060.74 гэж байна. Энэ нь өнөөгийн зах зээлийн мөнгөний уналтыг гүйцэх чадамжгүй итгэлцүүр байна.
Итгэлцүүрийг бодохдоо атар талхны үнээр тогтоосон гэж бидэнд тайлбарласан. Өнөөгийн нийгэмд атар талхны үнээр итгэлцүүр тогтоож байгаа нь байж болохгүй асуудал.
Итгэлцүүрийг шинжлэх ухааны үндэслэлээр өнөөдөр авч байгаа цалингийн дундаж хэмжээг 1990 оны цалингийн дундаж харьцаагаар бодно. Эсвэл өнөөдөр авч байгаа цалингийн дээд хэмжээг 1990 оны цалингийн дээд хэмжээтэй харьцуулж бодож болдог аргачлал байдаг юм байна. Энэ аргаар бодвол итгэлцүүр 3,000 хүртэл болон түүнээс ч ихээр өсөх боломжтой байна.
“Зах зээлийн нийгэмд шилжихэд маш олон үйлдвэр, аж ахуйн газруудад ажиллаж байсан хүмүүсийн мэдээллийг устгаж архив хүртэл шатсан”
Зах зээлийн нийгэмд шилжихэд маш олон үйлдвэр, аж ахуйн газрууд хувьчлагдаж тарж бутран, ажиллаж байсан хүмүүсийн мэдээллийг устгаж архив хүртэл шатаж байсан.
Маш олон газрын архив шатсан явдал нь санаатай үйлдэл гэж харж байна. Учир нь өнөөдөр хүмүүс тэтгэврээ шинэчлүүлье гэхээр материал нь байхгүй байх жишээтэй. Засгийн газар болон Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яам цалин тодорхойгүй гэх шалтгаанаар шууд тухайн хүний тэтгэврийг 500 мянгаар тооцож байна. Гэтэл тэнд материал нь олдохгүй хэдий ч 30, 40 жил нийгмийн даатгал төлж ажилласан хүн олон бий шүү дээ.
Бид оргүй хоосон зүйл хүсээгүй. Бидний авч байсан цалинг итгэлцүүрээр өсгөөд тэр хэмжээнд нь тэтгэвэр бодож өгөхийг л хүсээд байна. Гадаад орны ахмадууд тэтгэврээ аялж үрж байна. Бидний тэтгэврийг ядаж цайны сүүтэй, үр хүүхдэдээ атга чихэр аваад өгчих хэмжээнд хүргээд өгөөч л гэж хүсэж байна” гэлээ.