Ким Жон Ун тун удахгүй ОХУ-д айлчилж, тус улсын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахаар болсныг Орос, Умард Солонгосын албаны эх сурвалжууд Даваа гарагт мэдээлжээ.
Кремлийн вэб сайтад мэдээлснээр Ким Жон Ун “ойрын өдрүүдэд” Путиний урилгаар тус улсад айлчлах гэнэ.
Солонгосын Төв Мэдээний Агентлаг бас удахгүй болох айлчлалын тухай мэдээлжээ.
Умард Солонгос-Оросын хилийн орчимд Ким Жо Уны хуягласан галт тэрэг үзэгдсэн тухай эх сурвалжууд мэдээлж байна.
Уг галт тэрэг Ням гарагийн орой Пёньянаас хөдөлсөн бөгөөд Ким, Путин нарын уулзалт Мягмар гарагийн өглөө эхэлж магадгүйг Чосун Илбо сонин Өмнөд Солонгосын албаны эх сурвалжаас уламжлан мэдээлжээ.
Уулзалт болох газар алс дорнодын Владивосток хот байх төлөвтэй байна. Путин одоо энд жил тутам зохион байгуулагддаг Дорнын Эдийн Засгийн Чуулганд оролцож байгаа юм.
2019 онд Ким Жон Ун, Путин нар энэ хотод анх уулзаж байжээ.
Путиний зорилго нь Украины дайнд дутагдаж буй сум хэрэгслийг Умард Солонгосоос авах гэж АНУ-ын албаныхан үзэж байгаа.
Умард Солонгосын дэглэмд Зөвлөлтийн үеийн загвар хийцтэй олон арван сая их бууны сум, пуужингийн нөөц байх магадлалтай юм.
Хариуд нь Ким Жон Ун эрчим хүч, хүнсний тусламж болон тив алгасагч баллистик пуужин, цөмийн хөдөлгүүрт шумбагч онгоц, хиймэл дагуулын технологи авах сонирхолтой байгаа гэж ажиглагчид үзэж байна.
Олон арван жилийн турш харилцаа нь сайдаж, муудаж байсан хоёр улс Оросын цэрэг Украинд халдан довтолсноос хойш улам бүр ойртон нягтарч байгаа.
Москвагийн дэмжлэгтэй Украинаас салан тусгаарласан Донецк, Луганскийн тоглоомын улсуудыг хүлээн зөвшөөрсөн улс Оросоос гадна хоёрхон байдаг нь Умард Солонгос, Сири юм.
Мөн дайны дараа Украины эзлэгдсэн нутаг дэвсгэрийг сэргээн босгох үйл хэрэгт ажиллах хүчээр туслахаа Пёньяны эрх баригчид илэрхийлж байжээ.