УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд нээлттэй горимоор эхэллээ.
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг “Өнөөдөр 11 хүнд холбогдох хэргийг урьдчилан хэлэлцэж байна. Үүнд надтай холбоотой хэрэгт зургаан үйлдэл байгаа. Эдгээр үйлдэл дотор нэг шанага ч нүүрсний асуудал байхгүй.
2022 оны 12 дугаар сарын 8-ны өдөр намайг цагдан хорьсон. Цагдан хорих прокурорын тогтоолд жагсаал цуглаан зохион байгуулсан, турхирсан, санхүүжүүлсэн гэдэг үндэслэл байсан. Есөн сарын хугацаанд надаас нэг ч үг асуугаагүй, мэдүүлэг аваагүй. Хавтаст хэрэг дотор жагсаал цуглаантай холбоотой ямар ч хэрэг байхгүй. Үүний араас нүүрсний хэрэг гэх асуудлыг сөхөж гаргаж ирсэн. Нүүрстэй холбоотой 50, 60 мэдүүлэг аваад байсан энэ дотор нэг нь ч үлдээгүй. Бүх нүүрсний хэрэг гэдэг зүйл ард үлдсэн, хаана үлдсэнийг би мэдэхгүй.
Надтай холбоотой зургаан үйлдэл нь хоёр хүнийг танилцуулсантай холбоотой хөрөнгө оруулсан, авсан явдал. Би хоёр хүнийг танилцуулсан учраас хэрэг болгож, надад хилсээр тулгаж байгаа юм. Үүнийгээ буруутгах баримтаа нотолж чадаагүй. Тийм учраас тэнд суу, энд суу гэдэг асуудлыг прокурор итгэлгүйгээр яриад сууж байна.
УИХ-д нүүрсний ажлын хэсэг байгуулагдаж, байнга нүүрс ярьж байгаа. Гэтэл надтай холбоотой юу ч байхгүй. Эдгээр 11 хүнд холбогдох ямар ч хэрэг байхгүй. Ийм нөхцөлтэй байхад олон төрлийн хэрэг үүсгээд цагдан хорьсоор байгаад шүүгчийн 19 захирамж над дээр гарсан байна. Үүнээс 9-ийг нь ерөнхий шүүгч Б.Халиун гаргасан. Түүний гаргасан захирамж дотор яллагдагч миний эрхзүйн байдлыг дордуулсан асуудлууд гарсан.
АТГ-аас миний хэргийг шалгаад шүүх рүү ирүүлж буй. АТГ-ын шууд даалгавраар ажиллаж байгаа гэж үзэж байна. Магадгүй таны хэрэг АТГ-т шалгагдаж байж магадгүй, би үүнийг шалгуулах эрхтэй.
Эдгээр захирамжид цагдан хорих эрх зүйн үндэслэлүүдийг огт дурдаагүй. Прокурорын тогтоол гараагүй зүйл дээр хүртэл намайг цагдан хорьсон.
40,50 их наяд төгрөг, БНСУ руу мөнгө шилжүүлсэн гэх асуудал энэ үйлдэл дотор байхгүй, өөр хүний хэргийг тохох гээд байна уу. Нүүрсний хэргийн жинхэнэ эзэн, МАН-ын асуудал хүртэл энд яригдах гэж байна. Ерөнхий шүүгч та энэ асуудлаас татгалзах бүрэн боломжтой гэж үзэж байна.
Би ерөнхий шүүгчээс татгалзаж байна” хэмээн ярилаа.