Украины ерөнхийлөгч Володимир Зеленский батлан хамгаалахын сайд Олексий Резниковыг солих шийдвэрээ Ням гарагт зарлажээ.
Резников нь Оросын цэрэг Украины нутаг дэвсгэрт халдан довтлохоос гурван сарын өмнө одоогийн албан тушаалдаа томилогдож байв.
Дайны турш тэр Өрнөдийн түншүүдээс орчин үеийн зэвсэг техник авах яриа хэлэлцээг удирдаж байлаа.
“Олексий Резников 550 гаруй хоногийн дайныг туулсан хүн. Яаманд цэрэг арми болон нийгэмтэй харилцах шинэ арга барил, шинэ хандлага хэрэгтэй гэж би үзэж байна” гэж Зеленский өчигдөр орой хийсэн мэдэгдэлдээ өгүүлжээ.
Тэрбээр Резниковын оронд Крымийн татар үндэстэн Рустем Умеровыг батлан хамгаалахын сайдын албан тушаалд нэр дэвшүүлсэн байна.
Умеров нь өнгөрсөн оноос хойш тус улсын Төрийн Өмчийн Санг тэргүүлж байжээ.
“Одоо Рустем Умеров батлан хамгаалах яамыг тэргүүлэх болно. Парламент түүний томилгоог дэмжинэ гэдэгт би найдаж байна” гэж Зеленский хэлсэн байна.
57 настай Резников нь хуульч мэргэжилтэй, цэрэг армийн туршлага бага хэдий ч дайны турш Киевийн засгийн газрын гол нүүр царай болж байсан хүмүүсийн нэг юм.
Украины батлан хамгаалах яамтай холбоотой авлигын дуулиан энэ хугацаанд бас дэгдэж байлаа.
Тухайлбал энэ оны нэгдүгээр сард батлан хамгаалах яам армийн хүнсийг зах зээлийн үнэ ханшаас 2-3 дахин өндөр үнээр нийлүүлдэг гэсэн дуулиан дэгдэхэд Резниковын орлогч албан тушаалаасаа огцорч байжээ.