Төв Африкийн баруун эрэгт оршдог, газрын тосны нөөцөөр баян Габон улсад өчигдөр төрийн эргэлт гарч, цэргийнхэн ерөнхийлөгчөө баривчилж, гэрт нь хорьжээ.
Өнгөрсөн Бямба гарагт тус улсад сонгуулийн санал хураалт явагдахад 2009 оноос хойш ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж буй 64 настай Али Бонго Ондимба дахин сонгогдсон юм.
Төрийн эргэлт зохион байгуулсан цэргийнхэн энэ сонгуулийн үр дүнг хүчингүйд тооцож, улсынхаа төрийн бүх институциудыг тарааж, хилээ хааж байгааг зарлажээ.
“Институциудыг хамгаалагч Шилжилтийн Хороо одоогийн дэглэмийг татан буулгаж, тогтвортой байдлыг хангахаар Габоны ард түмний өмнөөс шийдвэрлэлээ” гэж төрийн эргэлтийг зохион байгуулсан хэсэг офицер төв телевизээр мэдэгдсэн байна.
Дараа нь Бүгд Найрамдах Гвардын командлагч, генерал Брайс Олигуй Нгуэмаг шинэ удирдагчаар зарласан юм.
Ерөнхийлөгчийн хамт түүний хүү, зөвлөх, тамгын газрын дарга болон эрх баригч Габоны Ардчилсан Намын хэд хэдэн өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ.
Тэдэнд эх орноосоо урвасан, өмч хөрөнгө завшсан, авлига авсан, ерөнхийлөгчийн гарын үсгийг хуурамчаар үйлдсэн зэрэг хэд хэдэн хэрэг тулгасан байна.
Одоогийн ерөнхийлөгч Бонго нь өөрийн эцэг Омарыг нас барсны дараа 2009 онд төрийн эрхийг шилжүүлэн авч байжээ.
Омар нас барахаасаа өмнө 41 жилийн турш Габоныг захирсан юм.
Сүүлийн сонгуульд Бонго 64.27 хувийн саналаар ялалт байгуулснаа зарлаад байжээ.
Сөрөг хүчнийхэн сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөөгүй юм.
2016 оны сонгуульд Бонго өрсөлдөгчөөсөө ердөө 5,500 саналын илүүгээр ялалт байгуулахад Габонд цуст мөргөлдөөн гарч байв.
2.3 сая хүн амтай Габон улсын тусгаар тогтнолын 63 жилийн түүхийн 55 жилд нь Бонгогийн гэр бүл удирдаж байжээ.
Тус улс 1960 онд Францын колоничлолоос салж, тусгаар тогтнолоо зарлаж байв.
Франц улс одоо хуучин колони байсан Африкийн хэд хэдэн оронд цэргээ байрлуулсан байдаг. Тухайлбал Габонд 370 цэрэг байнга байрладаг байна.
Францын ерөнхий сайд Элизабет Борне засгийн газар нь Габонд болж буй үйл явдлыг анхааралтай ажиглаж байгаагаа мэдэгджээ.
ОХУ-ын засгийн газар Габоны нөхцөл байдалд “гүнзгий санаа зовж” буйгаа илэрхийлсэн байна.
Хятадын гадаад хэргийн яам ерөнхийлөгч Бонгогийн аюулгүй байдалд баталгаа өгөхийг, аль болох хурдан яриа хэлэлцээний замаар маргаан зөрчлөө арилгахыг Габоны талуудад уриалсан байна.
Бонгог энэ оны дөрөвдүгээр сард Хятадад айлчлахад Ши Жиньпин “Хятадын ард түмний хуучны анд нөхөр” хэмээн өргөмжилж байсан юм.
2020 оноос хойш Африк тивийн дөрөв дэх улсад цэргийнхэн төрийн эрхийг хүчээр булаагаад байна.
Буркина Фасо, Мали, Нигер улсуудад өмнө нь төрийн эргэлт гарсан юм.