Монгол, Оросын хамтарсан баг хил орчмын бүсэд хийгдэж буй тарваган тахлын байгалийн голомт болон хүн амын дундах тандалт, судалгааны үйл ажиллагаатай танилцжээ.
Тодруулбал ОХУ-ын Эрхүү хотын Сибирь, Алс Дорнодын тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал С.В.Балахонов, лабораторийн тасгийн эрхлэгч С.А. Витязева, ЗӨСҮТ-ийн тархвар судлагч, их эмч Д.Отгонбаяр нар энэ оны наймдугаар сарын 24-27-ны хооронд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд ажиллалаа.
Тус хамтарсан баг наймдугаар сарын 14-нөөс Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Монгол-Оросын хил орчмын бүсэд хийгдэж буй тарваган тахлын байгалийн голомтын болон хүн амын дундах тандалт судалгааны үйл ажиллагаатай танилцаж, дараах зөвлөмжийг өгөв.
- Тарваган тахлын байгалийн голомтын тандалт судалгааг Хэнтий аймгийн Биндэр, Баян-Адарга сумын Монгол, Оросын хил орчмын талбайд өргөжүүлэн, энэ оны наймдугаар сарын 8-нд бүртгэгдсэн тарваган тахлын өвчлөлийн талбарын тархвар судалгаа хийх
- Тархвар судлалын эрсдэлийг онцгой анхаарч үнэлэх, ялангуяа тандалт судалгаа хийгдэж буй нутгийн хүн амын дундах асуумж судалгаанд нийт өрхийг хамруулах
- Гадаад болон дотоодын аялагчдын тарваган тахлын халдварт өртөх эрсдэлийг үнэлэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг авахыг зөвлөж байна.
Мөн ЗӨСҮТ болон ОХУ-ын Эрхүү хотын Сибирь, Алс Дорнодын тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэн хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж буй “Баян-Өлгий, Увс аймагт хийгдсэн хамтарсан тандалт судалгааны дүн”, “Эрхүү хотод болох эмч нарын дээшлүүлэх сургалт”, “Тоног төхөөрөмж нийлүүлэлт”-ийн чиглэлээр санал солилцов.