“Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн” (ҮЦХ)-д эрүүл, цэвэр агаарт алхаж гүйх, дасгал хөдөлгөөн хийх, бага насны хүүхдээ салхилуулах зорилгоор зуны улиралд өдөрт дунджаар 12-20 мянган хүн зочилдог. Эдгээрийн 50 орчим хувь бага насны хүүхэд байдаг аж.
Тиймээс иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, тарьсан мод цэцэгсийг хамгаалах зорилгоор ҮЦХ-д цахилгаан дугуй, мопед, сурронтой нэвтрэхийг хориглодог байна.
Гэвч өсвөр насны хүүхдүүд хориглосон тэмдгээр дайран орж, мод цэцэгс талхлах, цаашлаад иргэдийн аюулгүй байдал, эрүүл мэндэд хохирол учруулж байгааг ҮЦХ-гээс мэдээлэв.
Тиймээс эцэг эх, асран хамгаалагч та бүхэн өсвөр үеийн хүүхдүүддээ ухамсарлуулж, хориглосон тэмдгээр талбай руу нэвтрүүлэхгүй байхыг ҮЦХ-гээс анхааруулав.