Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-аас цахимаар удирдан зохион байгуулав. Хотын дарга өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 10 чиглэлээр үүрэг даалгавар өгсөн юм.
Тухайлбал, хотын гол дөрвөн өргөн чөлөө буюу Энхтайван, Чингис, Ард Аюуш, Чингэлтэйн өргөн чөлөөний хоёр эгнээ замыг гурав болгон нэмэгдүүлэх ажлыг судлах үүрэг өгсөн. Энэ хүрээнд дөрвөн өргөн чөлөөний нэгдүгээр эгнээний газрыг чөлөөлөхөд нийт 195 нэгж талбар өртөх тооцоо судалгаа гарчээ. Чингэлтэйн өргөн чөлөөний хувьд зураг төсөл, ТЭЗҮ боловсруулах шатандаа явж байгаа бол үлдсэн гурван өргөн чөлөөний ажил үе шаттайгаар хэрэгжиж байна.
Мөн Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай захирамжийн хүрээнд 564 алба хаагч хоёр ээлжээр ажиллан, хөдөлгөөн зохион байгуулсан. Автомашины дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулсан эхний өдөр хөдөлгөөний эрчим 31 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ.
Түүнчлэн олон нийтийн хөдөлгөөний ачаалал нэмэгдэж байгаатай холбогдуулан авто замын тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэх ажлыг эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавих үүрэг өгсөн. Энэ хүрээнд нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд нийт 86 гудамж, замд 74,999 ам метр тэмдэглэгээ хийхээс 69 гудамж, замд 54,813 ам метр хэвтээ тэмдэглэгээ хийгээд байна.
Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС