Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд Өмнөд Солонгосын хоёр иргэн усанд живж, нас баржээ. Аялал жуулчлалын шугамаар тус улсын гурван иргэн Монголд ирсэн бөгөөд Цагааннуур суманд аяллын хөтөч, жолоочийн хамт очсон байна. Гадаад жуулчид нууранд сэлэх гэж байгаад осолдсон гэх мэдээлэл байна.
Мөн цагдаагийн байгууллагад наймдугаар сарын 8-ны өдөр Францаас ирсэн эмэгтэй жуулчид Монголын аялал жуулчлалын компанийн ажилтанд хүчирхийлүүлсэн талаарх гомдлыг гаргасан. Уг гомдлын дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна гэдэг мэдээллийг өгсөн. Энэ талаарх мэдээллийг франц иргэн нүүр номдоо бичихдээ “Монголын “BBT” аялал жуулчлалын компанийн менежер нь уух зүйлд мансууруулах бодис хийсэн байж болзошгүй. Тиймээс бид гомдол гаргасан. Сэрэмжлээрэй” гэх тайлбартайгаар оруулсан юм.
Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, энэ онд “Нэг сая” жуулчин хүлээн авах зорилт тавьсан. Энэ сарын 21-ний байдлаар Монгол Улсад 576,619 жуулчин иржээ. Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, зочид буудлын үйлчилгээ эрхлэгч байгууллагуудын жил бүр төлж буй татварын хэмжээг авч үзвэл нэмэгдсэн статистик харагдаж байгааг албаныхан мэдээлж буй. Нөгөө талаасаа жуулчдын аюулгүй байдал, эрсдэлийг давхар тооцоолох нь чухал гэдэг санал шүүмжлэлийг иргэд хэлж байгаа юм.