ОХУ-ын Ар Кавказын бүс нутаг болох Бүгд Найрамдах Дагестан Улсад шатахуун түгээх станцад гал гарч, дэлбэрсний улмаас 35 хүний амь үрэгдэж, 80 гаруй хүн шархаджээ.
Амь үрэгдэгсдийн гурав нь хүүхэд байсныг Дагестаны захирагч Сергей Меликов мэдээлсэн байна.
“Дагестанд болсон эмгэнэлт явдлын улмаас амь үрэгдэгсдийн гэр бүл, ойр дотнынхонд ерөнхийлөгч Путин гүн эмгэнэл илэрхийлж, хохирогсдод түргэн эдгэрэхийг хүслээ” гэж Кремлийн хэвлэлийн алба мэдээлжээ.
Махачкала хотод гарсан уг ослын шалтгааныг мөрдөн шалгах ажил эхэлснийг орон нутгийн албаныхан мэдээлж байна.
Махачкала нь Каспийн тэнгисийн эрэгт оршдог 600,000 орчим оршин суугчтай хот бөгөөд Дагестаны нийслэл юм.
Зарим гэрчүүдийн мэдээлснээр автомашины зогсоолд гарсан гал ойролцоох шатахуун түгээх станцад тарснаас хүчтэй дэлбэрэлт болсон гэнэ.
Гал түймэр нийт 600 метр квадрат талбайг хамарсныг 260 гал сөнөөгч ажиллаж унтраасан байна.
Эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгсэл ачсан засгийн газрын нисэх онгоц Москвагаас Махачкалад ирж, буцахдаа хүнд өвчтөнүүдийг тээвэрлэн явжээ.
Дагестаны засгийн газар наймдугаар сарын 15-ны өдрийг гашуудлын өдөр болгож, зугаа цэнгээний арга хэмжээнүүд, телевизийн нэвтрүүлгүүдийг хориглож, төрийн далбаагаа бөхийлгөжээ.
Эх сурвалж: AFP