Домогт Индиана Жонсын дүрийг бүтээсэн Холливүүдийн жүжигчин Харрисон Фордын нэрээр шинжлэх ухаанд шинээр бүртгэгдсэн могойн төрөл зүйлийг нэрлэхээр болсноо эрдэмтэд мэдээлжээ.
Өмнөд Америк тивийн Перу улсын нутаг дэвсгэрээс саяхан илэрсэн энэ амьтныг Tachymenoides harrisonfordi нэрээр бүртгэсэн байна.
Нэрт жүжигчний байгаль орчныг хамгаалах үйлсэд оруулсан хувь нэмрийг эрдэмтэд ийнхүү үнэлжээ.
Харрисон Фордын нэрээр өмнө нь бас нэг төрлийн шоргоолж, аалз зэрэг амьтдыг нэрлэж байсан гэнэ.
“Эрдэмтэд миний нэрийг дандаа хүүхдүүдийг айлгадаг амьтдад өгсөөр байгааг би ойлгохгүй байна. Би чөлөөт цагаа загалмай оёж өнгөрөөдөг. Би тарьж буй ургамлууддаа бүүвэйн дуу аялж өгдөг. Ингэснээр тэд шөнийг айдасгүй давдаг юм” гэж Форд хошигножээ.
Амьтны шинэ төрөл зүйлийг нээсэн талаар тэр “Энэ бол зэрлэг байгалиас судлах зүйл маш их байгааг сануулж буй хэрэг юм. Хүн төрөлхтөн бол санаанд багтамгүй өргөн уудам шим мандлын өчүүхэн жижиг хэсэг болохыг бас харуулж байна” гэж хэлжээ.
Tachymenoides harrisonfordi бол нас бие гүйцсэн үедээ 40 см хүртэл урт болдог, нарийхан биетэй, хоргүй могой юм.
Могойг нээсэн эрдэмтдийн ахлагч Эдгар Лер “Амьтны олон төрөл зүйлүүд устах аюулын ирмэг дээр байгаа энэ үед шинээр нээгдсэн амьтдыг олны танил нэрээр нэрлэх нь чухал ач холбогдолтой юм. Учир нь олонд танигдсан төрөл зүйлүүд аврагдах магадлал өндөр байдаг” гэж ярьжээ.
Судлаачдын тогтоосноор манай гарагийн нийт хэвлээр явагч амьтдын 20 гаруй хувь нь устах аюулд ойрхон байгаа юм.
1993 онд Калифорни мужаас илэрсэн аалзны шинэ төрөл зүйлд Calponia harrisonfordi гэсэн нэрийг өгч байжээ. Үүнээс хойш хэдэн жилийн дараа Pheidole harrisonfordi нэрээр бас нэг шоргоолжны төрөл зүйлийг нэрлэсэн байна.
Эх сурвалж: BBC