КАБУЛ. /Reuters/. Афганистаны лалын босогчдын “Талибан” хөдөлгөөнийхөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампт анхааруулга өглөө.
Тус бүлэглэл өчигдөр буюу мягмар гарагт Д.Трампт ил захидал илгээжээ. Уг захидалд “Афганистан руу цэрэг нэмж илгээх нь Америкийн армийнхны тоог цөөрүүлэхээс өөр зүйлд хүргэхгүй” гэжээ.
“Талибан” болон “Лалын улс” бүлэглэлийнхэн Афганистанд халдлага үйлдэх нь нэмэгдэж, газар нутгийг нь булаан эзэлсээр байгаатай холбоотойгоор Д.Трампын засаг захиргаа Афганистан руу цэрэг нэмж илгээх асуудлыг авч хэлэлцэж байгаа юм. Одоогоор Афганистанд АНУ-ын 8400 орчим цэрэг байгаа билээ.
Мөн дээрх захидалд “Д.Трамп өмнөх нөхдийнхөө хийсэн алдааг мэдэж байгаа. Тиймээс Афганистаны талаар ямар бодлого баримтлахаа сайтар эргэцүүлэн бодох хэрэгтэй. АНУ цэргээ бүрэн татсанаар Афганистаны байдал тогтвортой болно” гэжээ.
АНУ тэргүүтэй олон улсын эвслийн хүчний цэргүүд бараг гурван жилийн өмнөөс Афганистанд байлдааны ажиллагаанд оролцохоо зогсоосон юм. Харин одоо Америкийн цэргүүд Афганистаны аюулаас хамгаалах хүчнийхнийг бэлтгэж сургаж, тэдэнд заавар зөвлөгөө өгч байгаа билээ.
Сүүлийн үед Афганистаны аюулгүй байдал улам бүр дордож, байнга шахуу халдлага дэлбэрэлт болж байна.