-Нетаньяхуг авлигын дуулианаар авч хаях уу гэсэн асуулт өрнөж байна. Түүнийг авлигын хэрэгт буруутгаж байгаа нь Трампын Оростой холбодогтой төстэй-
Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху авлигын дуулианд холбогдож, карьер нь өндөрлөх магадлалтай байна. Энэхүү дуулиан нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг Оростой ямар нэгэн байдлаар холбоо сүлбээтэй гэж буруутгаж байсантай нэлээд төстэй юм. Израилийн Ерөнхий сайдад одоохондоо албан ёсоор хэрэг үүсгээгүй ч нийгмийн дарамт шахалт түүний танхимын ажилд нэлээд саад учруулах хандлагатай болжээ.
Энэхүү дуулиан нь Давид Бен-Гурионы үеэс хойш хамгийн удаан тогтсон Израилийн тэргүүний нэр хүндэд асар их хор хохирол учруулж байна. Энэ тухай Израилийн парламентын дэд даргын зөвлөх, улстөрч Эли Нахт “2007 онд тухайн үеийн Ерөнхий сайд байсан Эхуд Ольмерт авлигын хэргээр буруутгагдахад Биньямин Нетаньяху түүнийг албан тушаалаа өгөхийг шаардаж байсан. Тэрбээр авлигын дуулиантай үед Ерөнхий сайд хамгийн түрүүнд тэр асуудалдаа анхаарч толгой нь ажиллана. Тиймээс улс орноо удирдах чадамжгүй байна хэмээж байсан. Харин одоо энэ түүх давтагдаж, хувь заяаны эрхээр Ольмертын дүрд Нетаньяху өөрөө ороод иржээ” гэж ярьжээ.
Ийнхүү Израилийн парламентад Нетаньяхуг түргэн огцруулахад бэлтгээд эхэлжээ.
Нетаньяхуг авлига, луйврын хоёр ч хэрэгт холбоотой гэж сэжиглэж байна. Эхнийх нь “1000-ын хэрэг” гэдгээрээ алдартай. Уг хэргээр бол Израилийн Ерөнхий сайд баян бизнесмэнүүдээс оргилуун дарс, навчин тамхи зэрэг өгөөмөр бэлэг хууль бусаар авч байсан гэнэ. Нетаньяхуг бэлэг барьсан хэрэгт сэжиглэгдэж буй хүмүүсийн тоонд Австралийн тэрбумтан Жеймс Пэкер, Холливудын продюсер Арнон Мильчан нар багтаж байгаа аж.
Хоёр дахь хэргийг хэвлэлүүд “2000-ын хэрэг” хэмээн нэрлэжээ. Энэ бол өмнөхийг бодвол илүү ноцтой хэрэг. Үүгээр Нетаньяху “Yediot Ahronot” сониныг эрхлэн гаргагчтай хууль бус гэрээ үйлдсэн эсэхийг тогтоох ажил юм. Таамаглалаар бол Израилийн удирдагч тус сониныг бодлогоор дэмжиж, өрсөлдөөний давуу эрх олгож, хариуд нь өөрийнхөө үйл ажиллагааны талаар таатай, эерэг зүйл гаргуулах аж.
Нетаньяху өөрөө эдгээр асуудлыг үгүйсгэж байна. Тэрбээр “Юу ч болохгүй. Яагаад гэвэл юу ч болоогүй юм чинь” хэмээн хэвлэлийнхэнд мэдээлжээ.
Трампын тусгал
“Bloomberg” агентлагийнхан Нетаньяхугийн эргэн тойронд болж буй дуулианыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг Оростой холбоо сүлбээтэй гэсэн дуулиантай харьцуулсан байна. Тус агентлагийн сэтгүүлчдийн үзэж буйгаар өдгөө Израилийн удирдагч хэвлэлүүдийг худал мэдээлэл бичдэг, Засгийн газрыг нь унагах зорилгоор хуйвалддаг хэмээн Трамп шиг ярих болсон гэнэ.
Тэгвэл Израилийн Засгийн газрын хуулийн зөвлөх Авихай Мандельблит Америкийн Ерөнхий прокурор Жефф Сешнс шиг асуудалд ороод байна. Нетаньяхугийн улс төрийн эртний хамтрагч Мандельблит Ерөнхий сайддаа албан ёсоор хэрэг үүсгэх үү гэсэн тээнэгэлзэл дунд орчихсон гэнэ. Тэрбээр эерэг, сөрөг аль ч шийдвэр гаргасан шүүмжлэлд орох нь ойлгомжтой болчихоод байна.
Ямартай ч тэр олон нийтийн дарамт шахалтад аль хэдийнэ ороод эхэлчихжээ. Түүний амьдардаг шилтгээн рүү үе үе хэдэн зуун эсэргүүцэгч цуглардаг болсон бөгөөд тэд Мандельблитийг төрийн чухал хэргийг удаашруулж, шийдвэр гаргахгүй байна гэж буруутгаж байна.
Нетаньяху, Трамп хоёрын аль алинд нь өдгөө хэрэг үүсгээгүй, албан ёсны мөрдлөг шалгалт явуулаагүй ч эргэн тойрноос нь шалгагдаж буй хүмүүс цөөнгүй байна. Тухайлбал, Израилийн Ерөнхий сайдын гэргий Сара Нетаньяхуг аль хэдийнэ шалгаж эхэлсэн аж. Түүнийг аавынхаа эмчилгээнд татвар төлөгчдийн мөнгийг авч ашигласан, түүнчлэн Ерөнхий сайдын өргөөнд байсан сангийн тавилгуудыг хувийн байшиндаа зөөсөн хэмээн буруутгаж байна.
Тэгвэл Нетаньяхугийн хувийн өмгөөлөгч Давид Шимрон “3000-ын хэрэг” буюу Германд шумбагч завь авахдаа Израилийн хуулийг зөрчсөн зуучлал хийсэн хэргээр сэжиглэн шалгаж байгаа аж. Шимрон энэхүү гэрээг лоббидож, дараа нь 35 сая ам.доллар авсан гэж хардагдаж байна. Нетаньяхугийн хувьд уг шалгалт илүү аюултай юм. Учир нь Шимрон нь түүний өмгөөлөгч төдийгүй үеэл нь билээ.
Нетаньяхуг тойрсон дуулиантай холбоотойгоор Герцлийн Салбар ухаан хоорондын төвийн Евразийн судалгааны хүрээлэнгийн захирал Цви Магены үзжэж буйгаар Нетаньяхуг тойрсон дуулиан түүний Засгийн газрын үйл ажиллагаанд саад болох ч Ерөнхий сайд огцорч, тус улсын улс төрийн байдал бүрмөсөн өөрчлөгдөнө гэж хэлэхэд эрт байгаа гэнэ. АНУ-ын одоогийн засаг захиргаа Нетаньяхуг суудлаасаа огцроход тийм ч таатай хандахгүй гэжээ. “Трамп гарсантай зэрэгцээд Израиль, АНУ-ын харилцаа сайжирсан. Энэ байдал одоо ч хэвээр байна. Гэхдээ Трамп Израильд улс төрийн ямар ч хагарал үүссэн тус улс болон Ойрхи Дорнодтой ажил хэрэгч хандлагаа хэвээр хадгалах магадлалтай” хэмээн Маген тэмдэглэжээ.
Тэгвэл Эли Нахта ч мөн Нетаньяхуг засаглалаа авч үлдэж чаддаггүй юм аа гэхэд Израиль дахь улс төрийн нөлөөллөө хадгалж авч үлдэж чадна гэж үзэж байна. “Сүүлийн 15 жилд тэр “Ликуд” нам доторх өрсөлдөгчдөөсөө салах ажиллагаа хийсэн. Түүнгүйгээр энэ нам хагарч болзошгүй” гэжээ.
Ерөнхийдөө парламент ээлжит бус сонгууль хийхээр болбол барууныхан засаглалаа хадгалж авч гарна гэж Эли Нахта үзэж байна. Тэрбээр “Энэ улсад өдгөө хачирхалтай зүйл өрнөж байна. Хамгийн сүүлд явуулсан социологийн судалгаагаар оролцогчдын 60 гаруй хувь нь Нетаньяхуг итгэдэггүй гэсэн. Тэгсэн хэрнээ өөр нэгэн судалгаагаар тэр шинэ Ерөнхий сайдад нэр дэвших хамгийн өндөр магадлалтай хүний тоонд орсон. Энэ тохиолдолд бусад улстөрчдийн рейтинг илүү бага байна” гэжээ.