Украин улсын засаг захиргаа тус улсын “Южмаш” үйлдвэрт үйлдвэрлэсэн пуужингийн хөдөлгүүрийг Хойд Солонгосын баллистик пуужинд хэрэглэсэн байх боломжгүй гэж даваа гарагт мэдээллээ.
Энэ дуулиан АНУ-ын тагнуулын албаны нууц мэдээлэл, Британийн шинжээчдийн БНАСАУ-ын пуужингийн хөтөлбөрийн тухай баримтуудаас эш татсан “New York Times”-ын нийтлэлээс болж гарчээ. Тус хэвлэлд баталж буйгаар Пхеньян Украины “Южмаш”-т үйлдвэрлэгдсэн байж болзошгүй хөдөлгүүрийг хар захаас худалдаж авсан гэжээ.
Уг мэдээлэлтэй холбогдуулан Украины Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөлийн нарийн бичгийн дарга Александр Турчинов “Энэ мэдээлэл ямар ч үндэслэлгүй. Агуулгын хувьд өдөөн хатгасан шинжтэй. Украин улс хэзээ ч пуужингийн хөдөлгүүр болон пуужингийн ямар нэгэн технологийг Хойд Солонгост нийлүүлж байгаагүй” хэмээн мэдэгджээ. Тэр ч бүү хэл уг баримтыг гаргаж тавьсан хүмүүс нь Оросын тусгай албаныхан байж болзошгүй гэсэн байна.
“Южмаш” үйлдвэр ч уг мэдээллийг үгүйсгэжээ. “Цэргийн зориулалттай пуужин, пуужингийн цогцолборыг “Южмаш” тусгаар тогтносон он жилүүддээ үйлдвэрлэж байгаагүй, одоо ч үйлдвэрлээгүй” гэжээ.
Тэгвэл энэ мэдээллийг Украины “Батькивщина” намын дарга Юлия Тимошенко өлгөн авч, үүнд Украины Ерөнхийлөгч Петр Порошенко, Ерөнхий сайд Владимир Гройсман нар хариуцлага хүлээх ёстой гэсэн байна. Тэрбээр “Хэрвээ энэ мэдээлэл үнэн бол Украин улс хоригт орно. Ингэснээр бусад орнуудаас ямар ч тусламж дэмжлэг авахгүй болно гэсэн үг. Энэ бол манай улсын хувьд жинхэнэ сүйрэл. Энэ бүхэн Ерөнхийлөгч Петр Порошенко, Ерөнхий сайд Владимир Гройсман нарыг мэргэжлийн бус, гэмт үйлдэл хийснийг шууд баталж байна” хэмээн Фэйсбүүк хуудсандаа бичжээ.
Британийн ашгийн бус Олон улсын стратеги судалгааны хүрээлэнгээс “БНАСАУ-ын баллистик пуужингуудын амжилтын нууц” гарчигтай баримт дэлгэсэн юм. Уг баримтад “БНАСАУ-д гэнэт л дундын тусгалтай Хвасон-12, тив алгасагч Хвасон-14 гэх хоёр шинэ загвар гарч ирсэн. Дэлхий дээр нэг ч улс өмнө нь асар богино хугацаанд дундын тусгалтайгаас тив алгасагч пуужинд шилжиж байгаагүй” гээд БНАСАУ-ыг гадаадын орнуудаас шингэн түлшээр ажилладаг пуужингийн хөдөлгүүр худалдан авсан гэсэн таамаглал дэвшүүлжээ. Тэд Солонгосын пуужингуудын хөөргөлт, техникийн тодорхойлолт бүхий гэрэл зурагт дүн шинжилгээ хийгээд хуучин ЗХУ-ын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн гэсэн дүгнэлт гаргасан аж.