Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Залуу монгол судлаачдын зуны сургууль эхэллээ. Анх 1989 онд “Залуу монголч эрдэмтний зуны сургууль” нэрээр зохион байгуулж эхэлсэн энэ сургууль хэсэг хугацаанд завсарлаад 2014 оноос эхлэн Монгол Судлалын Үндэсний Зөвлөл хариуцан зохион байгуулах болсон юм.
Зуны сургуулийн гол зорилго гадаадын залуу судлаачдыг Монгол орон, ахуй, соёлтой танилцуулах, монгол хэл, соёлын амьд харилцааны орчинд хэл, түүх, соёлын сургалт зохион байгуулахад оршдог. Ингэснээр хойч үеийн монголч эрдэмтдийг бэлтгэх, тэднийг Монгол Улсын эрдэмтэн судлаачидтай танилцуулан Монгол судлалын залгамж холбоог бэхжүүлэхэд бодит үр дүн гарна.
2023 оны Залуу монгол судлаачдын зуны сургуульд ОХУ, БНХАУ, ХБНГУ, Япон, БНСУ, БНТУ зэрэг дэлхийн Монгол судлалын тэргүүлэгч улс орнуудын 13 их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын 30 залуу монголч эрдэмтэн оролцож байна.
Тус Зуны сургуулийг монгол ахуй, монгол судлалын сургалт, эрдэм шинжилгээний байгууллагууд, музей, номын сан гэх зэрэг өөр өөр орчинд зохион байгуулна. Гадаадын залуу монгол судлаачид малчны ахуй амьдралтай биечлэн танилцаж, нүүдлийн соёл иргэншлийн түүх, уламжлал, өнөөгийн байдалтай танилцах хичээлийг үзэхээс гадна Улаанбаатар хотод Шинжлэх Ухааны Академи, Монгол Улсын Их Сургууль зэрэг монгол судлалын сургалт-эрдэм шинжилгээний гол төвүүдийн эрдэмтэн багш нарын лекцийг сонсох болно.
Энэ удаагийн Зуны сургуулийн онцлог нь Олон улсын монголч эрдэмтний XII их хурлын Залуу монгол судлаачдад зориулсан тусгай салбар хуралдаан зохион байгуулагдах юм. Дотоод, гадаадын залуу монгол судлаачид тус салбар хуралдаанд илтгэлээ хэлэлцүүлж, судалгаа шинжилгээнийхээ үр дүнгээс хуваалцан, үе тэнгийн эрдэмтэн залуустайгаа улам ойртон танилцах боломжтой.
Эх сурвалж: БШУЯ