Нэрт яруу найрагч, сэтгүүлч, зохиолч Бямбажавын Энхтуяа 2017 оны 8 дугаар сарын 13-ны өдөр таалал төгсөж, Монголын утга зохиол, сэтгүүл зүйд хүнд гарз учирлаа.
Бямбажавын Энхтуяа 1962 онд Улаанбаатар хотод төрсөн. 1983 онд МУИС-ийг сэтгүүлчийн мэргэжлээр төгсөж, “Утга зохиол урлаг” сонинд редактор, Монголын радиогийн ХАА-н редакцийн “МАЛЧИН” нэвтрүүлгийн сурвалжлагч, Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны “Гоо марал” сэтгүүл, “Монголжингоо” сонины ерөнхий эрхлэгч, МУИС-ийн сэтгүүл зүйн тэнхимд ур чадварын багш, “Засгийн газрын мэдээ” сонинд сурвалжлагч, МҮОНРТ-ийн “Чөлөөт долгион” студид захирлын албыг хашиж байлаа. Тэрээр Монголын Зохиолчдын Эвлэл болон Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн гишүүн байв.
Б.Энхтуяа “Зөөлөн бороо”, “Он цагийн бороо”, “Мөнгөн ордны туулай”, “Зуны дунд сарын Улаанбаатар”, “Охин үрээ хайрла”, “Том хүний үлгэр”, “Төрийн охин үр” зэрэг яруу найраг, “Зөөлөн билүү”, “Монгол даатгал” зэрэг нийтлэл, тэмдэглэлийн ном бичиж хэвлүүлэн олны хүртээл болгожээ.
Монголын радиогийн “зөөлөн дуут” хэмээх нэрээр уран бүтээлчид, сонсогчдын дунд мөнхөрсөн тэрээр ардчиллын дуу хоолой болж, малчдын цаг үеийн тулгамдсан асуудлыг хөндсөн “Дөрөө даах гутал” цуврал зэрэг даацтай нэвтрүүлгүүдээрээ нийгмийн сэтгэлзүйд нөлөөлж байлаа.
Түүний бичсэн шүлэг, яруу найраг өвөрмөц төрхөөрөө 1980-аад оны Монголын яруу найргийн өнгийг тодорхойлж, давтагдашгүй авьяаслаг яруу найрагч болохоо “Охин үрээ хайрла” номын иргэнлиг болон, Монголын түүхэн хатдын сэдэвт “Мөнгөн ордоны туулай” яруу найргийн номоороо харуулсан билээ.
Б.Энхтуяа уран бүтээлч төдийгүй, 1990 онд АИХ-ын депутатаар сонгогдож анхны ардчилсан “Үндсэн хууль” батлалцсан юм.
Түүний хөдөлмөр бүтээл, Монголын утга зохиол, сэтгүүл зүйд оруулсан хувь нэмэр, содон авьяасыг үнэлэн, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан”, “Ган үзэгтэн” шагнал, МЗЭ-ийн шагнал олгосноос гадна Төрийн дээд шагнал ”Алтан гадас” одон, Дэлхийн Оюуны Өмчийн Академиас “Гавьяат яруу найрагч” цол хүртээсэн юм.
Бямбажавын Энхтуяагийн уран бүтээл, түүний бүтээлч чанар, гэгээн дүр нь үзэг нэгт нөхдийнх нь болон Монголын ард түмний сэтгэл зүрхэнд үүрд мөнхрөх болно.
Ум сайн амгалан болтугай.
МОНГОЛЫН ЗОХИОЛЧДЫН ЭВЛЭЛ
МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛОН НИЙТИЙН РАДИО ТЕЛЕВИЗ
2017.08.15
1 comment
Gun emgenel ilerkhiilie