Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 102, Дотоодын цэргийн 101 жилийн ой, “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын өдөр”-т зориулсан арга хэмжээ Төв цэнгэлдэх хүрээлэнд боллоо.
Тус арга хэмжээнд Ерөнхий сайдын ажлын албаны дарга бөгөөд ахлах зөвлөх Д.Амгаланбаатар оролцож, “Алсын хараа-2050″ Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд миний гүйцэтгэх үүрэг” сэдэвт эсээ бичлэгийн уралдааны шилдэг оролцогчдод “Гадаад улсад туршлага судлах сургалтад хамрагдах” батламж гардуулж, баяр хүргэв.
Тус эсээ бичлэгийн уралдааныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилгаар цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын дунд 2023 оны нэгдүгээр сарын 25-наас гуравдугаар сарын 20-ны хооронд зохион байгуулсан бөгөөд нийт 64 анги, байгууллагын 730 алба хаагч оролцсон байна. ЦЕГ, Удирдлагын академийн удирдлага, эрдэмтэн багш нарын төлөөлөл бүхий ажлын хэсэг хоёр шатны сонгон шалгаруулалтаар шилдэг 50 оролцогчийг тодруулжээ. Тэдний төлөөлөл болох
● Дотоодын цэргийн 805 дугаар ангийн IV салбарын салааны захирагч, дэслэгч Б.Батбаяр;
● Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Н.Батцэнгэл;
● ЦЕГ-ын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн архивын эрхлэгч, цагдаагийн ахлагч Г.Баярчимэг;
● ЧД-ийн Цагдаагийн газрын I хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн ахлагч С.Билэгт;
● Дотоод хяналт-аюулгүй байдлын газрын Эрүүл мэнд, сэтгэл зүйн тасгийн ахлах сэтгэл зүйч, цагдаагийн хошууч Э.Бямбажаргал;
● Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсийн Аюулгүй байдал, хамгаалалтын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Мөнхбат;
● Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Шарын гол сумын сум дундын цагдаагийн хэлтсийн бичээч, цагдаагийн дэд ахлагч М.Мөнгөнтулга
● Дотоодын цэргийн 822 дугаар тусгай салбарын хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Б.Наранбат;
● ТЦА-ны ЗЦГ-ын Замын хөдөлгөөний бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Сүхбат;
● Дундговь аймгийн Цагдаагийн газрын Монголбанкны гэрээт харуулын цагдаа, цагдаагийн дэд ахлагч М.Чадраабал нарын 10 хүн баярынхаа өдрөөр батламжаа гардан авлаа.
Цагдаагийн ахлагч Г.Баярчимэг: “Алба хаагчдаа дэмжиж, сурч хөгжих боломжоор ханган, урам өгч байгаад баярлалаа. Өөрийнхөө хэмжээнд судалгаа хийгээд, ажил мэргэжлийнхээ онцлогтой холбож эсээгээ бичсэн. Он гарсны дараахан эсээгээ илгээсэн. Шалгарсан гэдгээ сонсоод итгэж чадаагүй, сэтгэгдэл маш өндөр байна”.
Дэслэгч Б.Батбаяр: “Эсээ маань шалгарсан гэдгийг өчигдөр л мэдлээ. Улс орныхоо цаашдын хөгжлийг дотоодын цэргийн хөгжил, бусад улсын туршлагатай харьцуулж, олон талаас нь тунгааж бичсэн. Гадаад улсад суралцаж, туршлага судлах болсондоо баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Эх сурвалж: Засгийн газар