Хөнөөлт шавьжийн тоо толгой байгаль цаг уурын нөхцлөөс шалтгаалан сүүлийн жилүүдийн ихэссэн гэж мэргэжлийн байгууллагууд мэдээлж байна. Хөвсгөл, Сэлэнгэ, Төв аймгийн зарим сумдад тархалттай ихтэй байгаа хөнөөлт шавьжийн нэг төрөл өрөөсгөл хүр эрвээхийн нислэгийн үе нь 6-9 дүгээр сард тохиодог бол оргил үе нь наймдугаар сарын 10-наас эхэлдэг аж.
Өрөөсгөл хүр эрвээхийн эмэгчин нь биеэр том, цагаан шаргалдуу өнгөтэй, дээд далавчин дээрээ хар, шар, бараан өнгө хосолсон долгиотсон хөндлөн зураастай. Эрэгчин эрвээхий жижигхэн, шаргалдуу бор шаргал өнгөтэй, урд далавчин дээрээ олон өнгөөс бүрэлдсэн бараан хөндлөн судлуудтай. Наймдугаар сарын дунд үеэс үй олноороо нисэн эвцэлдээнд орж наймдугаар сарын сүүлч есдүгээр сарын эхээр өндгөө хад асга, байшин, гэрийн хана, туурга зэрэг нөмөр газар шахан тэндээ өвөлждөг байна.
Сүүлийн жилүүдийн хэт хуурайшилттай холбоотойгоор тоо толгой нь өсч, давтамж нь ойртох магадлал өндөр байгаа. Нэг дор олуулаа цугласан үедээ нарийн тоосонцор үүсгэдэг учир онцын шаардлагагүй тохиолдолд орой гэрэл асааж, эрвээхий цуглуулахгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөж байна.
Мөн энэхүү шавьж амьсгалын замын болон харшлын гаралтай өвчин үүсгэх магадлалтай. Өрөөсгөл хүр эрвээхийг устгахдаа хувийн бэлтгэлээ сайн хангах хэрэгтэй. Амны хаалт, бээлий, нүдний шил гэх мэт зүйлсийг зайлшгүй ашиглах ёстой юм байна.