Улаанбаатар хотод өчигдрөөс эхлэн үргэлжлэн бороо орсноор урьд шөнөөс Сэлбэ гол дагуух орон сууцууд усанд автжээ. Оршин суугчид шөнөөс эхлэн гэртээ орох боломжгүй болсон бол зарим иргэн гэрээсээ гарах боломжгүй болсон гэдгийг ярьж байгаа юм.
Орон сууцуудын авто гражууд усанд бүрэн автжээ. Аюулгүй байдлыг хангах зорилгоор орон сууцуудын эрчим хүчийг тасалсан юм байна. Шөнө гэрээсээ 04.00 цагт гарч, автомашинаа гражаас гаргаад эргэж орж чадаагүй байна гэдгийг зарим оршин суугч ярьж буй юм. Мөн оршин суугчид “Үерийн далан шуудуу байхгүйгээс ийм байдалд хүрлээ” гэж хэлж байгаа бол зарим оршин суугч “Үерээс хамгаалах далан шуудуу нь стандартын дагуу баригдаагүйгээс багахан бороо ороход далан сэтэрлээ” гэж тайлбарлаж буй юм. Харин Улаанбаатар хотын зүгээс сэтэрсэн даланг янзлахаар ажиллаж эхлээд байна.
Мөн Онцгой байдлын газрынхан ажиллаж, оршин суугчдыг гэрээс нь гаргах арга хэмжээ авч байгаа бол цагдаа аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.
Мөн Туул гол дагуух авто зам нүхэн гарцууд усанд автсан тул Тээврийн цагдаагийн газраас зарим нүхэн гармуудын хөдөлгөөнийг түр хязгаарлаад буй. Тодруулбал, Нарны зам, Энхтайваны гүүрний зүүн урд талын , Соёолж худалдааны төвийн зүүн талын нүхэн гармуудын хөдөлгөөнийг түр хаасан байна. Нарны замаас Арслантай гүүр хүртэлх Буянгийн зам, Энхтайваны гүүрний баруун урд Петровис шатахуун түгээх станцаас Төв цэнгэлдэхийн баруун хойд тойрог хүртэлх замын хөдөлгөөнийг түр хязгаарлажээ.