Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний үеэр Хотын дарга нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагаас цаг үеийн нөхцөл байдлын талаар асууж, холбогдох үүрэг чиглэл, даалгаврыг өгөв.
Тухайлбал, аялал жуулчлалын улирал үргэлжилж буйтай холбогдуулан жуулчид, гаднын зочид, ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангаж ажиллахыг сануулсан юм. Мөн урин дулааны улиралд хоол хүнсний худалдаа, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, иргэдэд зөвлөн туслах, стандартын шаардлагыг хангуулахад анхаарахыг үүрэг болгов.
Түүнчлэн нийслэлийн хэмжээнд хийгдэж байгаа явган болон дугуйн замын тохижилтын ажлыг эрчимжүүлж, төлөвлөсөн хугацаанд нь дуусгах, үерийн далан сувгийн барилга, байгууламж, гуу жалга, авто замын үерийн усны шугам хоолой, сувгийг цэвэрлэж ус нэвтрэх чадварыг нэмэгдүүлэхийг онцолсон. Баярын болон амралтын өдрүүдэд гарч болох болзошгүй аваар ослоос урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангуулах үүргийг холбогдох албаныханд өглөө.