Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал энэ сарын 23-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм.
Байнгын хороо энэ сарын 27-ны өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан.
Тус тогтоолын төслийг энэ оны аравдугаар сарын 1-ний өдрийн дотор батлах, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг жил бүрийн улсын төсөвт тусгаж батлуулах саналыг гишүүд гаргасныг хэлэлцэн шийдвэрлэжээ.
Түүнчлэн нийтийн албан тушаалтан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу түүнээс дээш хэмжээний зарлагыг мэдүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх;
Үндсэн хууль болон олон улсын гэрээнд заасан албан тушаалтнуудаас бусад хуулиар тогтоосон албан тушаалын халдашгүй байдлын хүрээг хязгаарлах асуудлыг төсөлд тусгахаар холбогдох саналуудаар нэггүйчлэн санал хураалт явуулан шийдвэрлэсэн байна.
Мөн авлигын гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгийг хураах нэмэгдэл ялын төрөл бий болгох асуудлыг судалж, санал боловсруулахаар тогтоолын төслийн хавсралтад тусгасан байна.
Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн хууль тогтоох, төрийн дотоод, гадаад бодлогын үндсийг тодорхойлох, хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхээс бусад тохиолдолд төрийн байгууллагын үйл ажиллагаанд оролцохыг хориглож, хэрэгжилтийг хангана гэж заасныг төслөөс хасах зэрэг зарчмын зөрүүтэй саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэн гэлээ.
Хэлэлцэж буй төсөл нь ирэх 7 жилийн хугацаанд Улсын Их Хурал, Засгийн газар, мөрдөх алба, иргэний нийгмийн байгууллагууд болон бүх нийтээр авлигаас урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт үйлдлийн эсрэг хэрэгжүүлэх цогц стратеги гэдгийг Байнгын хорооны дарга онцоллоо. Мөн дээрх хугацаанд хөтөлбөрийн төслийг хэрэгжүүлэхэд 30 гаруй тэрбум төгрөг