Энэ жил Төв аймгийн түүхт 100 жилийн ой тохиож буй бөгөөд ирэх сарын 27-29-нд тэмдэглэхээр болжээ.
Тэгвэл Төв аймгийн 100 жилийн ойн баяр наадмыг найруулагч Ц.Батнайрамдал найруулахаар болжээ. Мөн Төв аймгийн Баяндэлгэр сумын 100 жилийн ойн баяр наадмын нээлт, хаалтын найруулагчаар ажиллах аж.
Тэрээр Баяндэлгэр сумын харьяат бөгөөд олон арван жүжиг, ёслол хүндэтгэлийн арга хэмжээ, тоглолт зохион байгуулж, найруулж байсан туршлагатай. Тухайлбал 2014-2018 он хүртэл дөрвөн жил дараалан Хүй долоон худагт Соёлын наадмыг найруулсан, 2019 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Холливуд Монголд” төслийн ерөнхий найруулагчаар ажиллаж байжээ. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын захиалгаар “Legend” төслийн ерөнхий найруулагчаар 2019 онд ажиллаж байсан бол 2018 онд Монгол төрийн их баяр наадмын хүндэтгэлийн концертыг найруулж байжээ. Улмаар аймаг, нийслэл, сумын ой, Хүүхдийн спортын наадам, “Нийслэлийн мөнгөн шөнө” зэрэг томоохон арга хэмжээнүүдийг найруулсан туршлагатай.
Мөн Баяндэлгэр сум үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойгоор тус суманд төрсөн Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, Их зохиолч Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” дуурийг задгай талбайд тавина.