УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Тус хуулийн төсөлд УИХ дахь намын бүлгүүдээс болон ажлын хэсгээс зарчмын зөрүүтэй 62 саналын томьёолол бэлтгэсэн байна. Хэлэлцүүлгийн явцад гишүүд асуулт асууж, үг хэлээгүй бөгөөд дээрх зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулахад олонх нь дэмжсэн байна.
Хуулийн төсөлд улс төрийн намыг бүртгэх асуудлыг Сонгуулийн Ерөнхий Хороо хэлэлцээд Улсын Дээд Шүүх бүртгэдэг байсныг шууд Улсын Дээд Шүүх бүртгэдэг байхаар тусгажээ. Мөн дараах гурван тохиолдолд улс төрийн намыг идэвхгүй болсонд тооцох заалт оруулжээ. Тухайлбал,
- Улс төрийн нам УИХ-ын хоёр удаагийн сонгуульд оролцоогүй,
- Их хурлаа хийгээгүй
Сүүлийн хоёр жилийн санхүүгийн тайлангаа аудитаар баталгаажуулаагүй гэсэн гурван шалтгааныг үндэслэн идэвхгүйд тооцох заалтууд багтжээ. Нам идэвхгүй болсноор санхүүжилт зогсох, бүх шатны сонгуульд оролцох эрхгүй болно.
Харин улс төрийн нам 1 хувийн босго давснаар төсвөөс санхүүжилт авах эрх үүсэх бөгөөд УИХ-д авсан суудлын тоо, сонгогчдын санал гэх хоёр үндэслэлээр үүнийг тогтоохоор тусгажээ.