Дорнод аймгийн Матад суманд өчигдөр буюу 2023 оны зургаадугаар сарын 24-ний өдрийн 17:14-18:05 цагт 3 удаагийн хээрийн гал түймэр гарсан. Түймрийн голомтод тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн мэргэжлийн алба, сайн дурын хэсгийнхэн ажиллаж, зургаадугаар сарын 25-ны өдрийн 04:00 цагт цурамд оруулан, мөн өдрийн 05:55 цагт түймрийг бүрэн унтраалаа.
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар 30 градусыг давж халж, хэт халалт болж байгаа нь ой, хээрийн түймэр гарах эрсдэлийг нэмэгдүүлж байна.
Иймд:
– Иргэн та ой, хээрийн бүсэд зорчих, аялал, амралт зугаалгаар явах үедээ гал түймрийн аюулгүй байдлыг хангаж,
– Ил задгай гал түлэхгүй байх,
– Асаасан гал, чүдэнз, тамхины галыг бүрэн унтраах,
– Халуун үнс нурмыг ил задгай асгахгүй байх,
– Бага насны хүүхдийг ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байх,
– Шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэх зэргээр өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг ой, хээрийн түймрийн галын аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.