“Явган хүний замын засвар, өргөтгөл хийхдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан налууг хийж байгаа”Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас явган болон дугуйн замын засвар, өргөтгөлийн талаар өнөөдөр мэдээлэл өглөө.
УБЗАА-ны Дугуйн ба явган хүний зам, тохижилтын хэлтсийн дарга Г.Билгүүн “Хүн төвтэй гудамжийг бий болгох ажил 2022 оноос эхэлсэн. Энэ жилийн хувьд бид сургууль орчмын байршилд анхаарлаа хандуулж байна.
Тухайлбал нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн зам нь дан шороогоороо, ус их тогтдог, зарим хэсэгтээ 50 см орчим өргөнтэй тул хоёр хүн зэрэгцэн явах боломжгүй байсан. Одоо бол хамгийн нарийн хэсэгтээ 1.5 метр өргөн болсон байна.
Түүнчлэн замын гэрэлтүүлгийн шонгууд нь голлосон байсныг сургуулийнх нь хашаа руу зөөж чөлөөлсөн. Ер нь явган болон дугуйн замын засвар, өргөтгөлийн эдгээр ажлыг долоодугаар сарын дундуур дуусгахаар төлөвлөж байна.
Засвар, өргөтгөл хийхдээ хотын стандартын дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан налууг хийж байгаа” юм хэмээв.