Унгар Улсын Бугац хотод 2017 оны наймдугаар сарын 11-13-ны өдрүүдэд уламжлал болгон зохиогддог “Нүүдэлчдийн наадам”-д Монгол Улсаас Унгар Улсад суугаа Элчин сайдын яам “Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр” болон “Дэлхийн Монголчууд хөтөлбөр”-үүдийн хүрээнд оролцлоо.
Уг арга хэмжээнд нүүдэлчин ард түмнүүдийн соёл иргэншил, өв уламжлалыг сурталчилдаг төдийгүй гар урлал, нүүдэлчдийн хэв маяг бүхий бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа явагддаг бөгөөд энэ жил “Өвөг дээдсийн өдөр” нэрийн дор зохиогдож 50 гаруй мянган зочид, жуулчид ирж сонирхлоо. Дээрх арга хэмжээнд монгол үндэсний гэр барьж, түүх дурсгалын зүйлс, уламжлалт тоглоом наадгай, идээ будааг танилцуулж, Элчин сайд З.Батбаяр Монголын нүүдэлчин ард түмний аж амьдралын онцлог байдлын тухай илтгэлүүдийг тавилаа.
Эх сурвалж: ГХЯ