-Нигери, Ангол, Зимбабве, Бенин, Алжирын Ерөнхийлөгчид юугаараа адилхан бэ? Тэд улс орныхоо эрүүл мэндийн системд итгэдэггүй аж-
[starbox]
Гадаадын эмнэлэгт өнгөрөөсөн хугацаагаараа тэргүүлэх төрийн тэргүүний тоонд яах аргагүй Нигерийн Ерөнхийлөгч, 74 настай Мохаммад Бухари орно. Үүнээс гадна энэ онд Ангол, Зимбабве, Бенин, Алжирын төрийн тэргүүнүүд гадаадын орнуудад эмчлүүлэхээр явжээ.
Эдгээр улсын үндэсний эрүүл мэндийн систем санхүүжилтээс болоод хүнд асуудалд орчихоод байгаа тул төрийн тэргүүнүүд нь гадаадад эмчлүүлж, энгийн иргэд нь эх орныхоо эмнэлгийг бараадахаас өөр аргагүй байдалд орсон аж.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр 2010 онд Африкийн орнууд нэг хүн амд төсвийнхөө 135 орчим ам.долларын эмнэлгийн хэрэгцээнд нь зориулан зарцуулсан байна. Гэтэл энэ үзүүлэлт барууны илүү баян чинээлэг орнуудад 3150 ам.доллар байгаа юм. Түүнчлэн Зимбабвегийн улсын эмнэлгүүдэд нэн шаардлагатай эм тариа болох өвчин намдаах эм, антибиотикууд байнга тасардаг. Дэлхийн олон оронд үндэсний эрүүл мэндийн систем улам доройтож байгаа тухай ДЭМБ-аас ч баталж байна.
Энэ дундаас Нигерийг онцолбол эрүүл мэндийн салбар нь үнэхээр аймшигтай болжээ. Тус улсад төрийн албан хаагч, зарим худалдаа үйлчилгээний компанийн ажилтнууд эрүүл мэндийн даатгалаараа хувийн эмнэлгүүдэд үйлчлүүлэх боломжтой болсон аж. Гэхдээ хүн амын ихэнх хэсэг урьдын адил улсын эрүүл мэндийн салбарт найдахаас өөр аргагүй хэвээр байна.
Энд мөнгөтэй л бол хувийн эмнэлгүүдэд сайн эмчилгээ хийлгэх боломжтой. Гэхдээ гадны орнуудад эмчлүүлбэл илүү дээр гэх өвчтөнүүд ч цөөнгүй байна.
Энэ онд Нигерийн Ерөнхийлөгч Лондонд дөрвөн сар гаруйн хугацаанд эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд чухам ямар оноштойгоор ийм удаан эмчлүүлж байгаа нь иргэдэд ойлгомжгүй, ард түмнийх нь санаа ихэд зовж байна. Өмнөх Ерөнхийлөгч нь түр үүрэг гүйцэтгэгчээ ч томилолгүйгээр Саудын Арабыг зорьсныг бодвол Бухари Ерөнхийлөгч өөрийнхөө оронд нэг орлогчоо тохоон томилсон аж. Гэвч иргэд үүнд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсээр байна.
Бухарийн энэ онд эмчилгээ хийлгэсэн байдал
-Нэгдүгээр сарын 19. Мохаммад Бухари эрүүл мэндийн шалтгаанаар амралт авч, Их Британийг зорьсон.
-Хоёрдугаар сарын 5. Нигерийн парламентад амралтаа сунгаж өгөх тухай хүсэлт гаргасан.
-Гуравдугаар сарын 10. Эх орондоо ирсэн боловч ажилдаа шууд ороогүй.
-Тавдугаар сарын 7. Дараагийн эмчилгээ хэмээн Британийг зорьсон.
-Зургаадугаар сарын 6. Бухарийн гэргий Аиша Ерөнхийлөгчийн бие удахгүй сайжирна гэж мэдэгдсэн.
Зимбабве улсын Ерөнхийлөгч Роберт Мугабе 1980-аад оноос хойш засгийн эрхэнд байгаа юм. Тэрбээр энэ жил гурван удаа Сингапурт эмчлүүлэхээр явжээ. Өдгөө улс төрийн сөрөг хүчнийхэн Мугабег эмнэлгийн орноос улс орноо удирдаж байна хэмээн шүүмжлэх болжээ.
Ангол улсын засаг захиргаа өнгөрсөн тавдугаар сард 38 жилийн турш ямар ч завсарлагагүйгээр төр барьж байгаа Ерөнхийлөгч Жозе Эдуард душ Сантушийг Испанид эмчлүүлэхээр явсан гэдгийг мэдэгдэж байсан. Ингэхдээ Нигери, Анголын засаг захиргаа төрийн тэргүүнээ ямар өвчтэй талаар нэг ч үг цухуйлгаагүй.
Анголын сөрөг хүчний “Casa-CE” намын төлөөлөгч Эваристо Да Луш 40-өөд жил төр барьсан Ерөнхийлөгчөө гадагш явсныг ажиллах чадваргүй болсон, эрүүл мэндийн салбар хөөрхийлөлтэй болсны шинж хэмээн мэдэгджээ.
“Маш, маш хар”
Алжирын Ерөнхийлөгч, 80 настай Абдель Азиз Бутефликийн эрүүл мэндийн байдал сайнгүй байгаа нь нэлээд эртнээс ойлгомжтой байсан юм.
2013 онд тархинд нь цус харвасан тэрбээр 2014 онд сонгуульд тэргэнцэртэй оролцож байлаа. Ингээд тухайн ондоо Францад эмчлүүлэхээр явсан байна. “Франс-пресс” агентлагийн мэдээлснээр тэрбээр арваннэгдүгээр сард нь давтан эмчилгээ хийлгэхээр ирж байсан гэнэ.
Бениний Засгийн газар овор багатай Ерөнхийлөгч Патрис Талоноо өнгөрсөн зургаадугаар сард Францад айлчилсан шалтгааныг огт нуугаагүй. Тус улсад тэрбээр түрүү булчирхай, хоол боловсруулах эрхтний хагалгаанд хоёр удаа орсон байна.
Тэгвэл Ерөнхийлөгчид хилийн чанадад эмчилгээ хийлгэдэг шалтгаан нь юу вэ?
Хилийн чанадад эмчилгээ илүү байдаг гэж нэг ч Ерөнхийлөгчийн нэг ч хэвлэлийн нарийн бичгийн дарга ам нээдэггүйд гайхах зүйл үгүй.
Харин Роберт Мугабегийн хэвлэлийн нарийн бичгийн дарга өнгөрсөн тавдугаар сард Сингапурт байнга очдог даргынхаа талаар “Ерөнхийлөгч эх орныхоо эрүүл мэндийн тусламжаас бүр мөсөн татгалзаагүй” хэмээн мэдэгдсэнээс болж золтой л хусуулчихаагүй. Жорж Чарамба “Ерөнхийлөгчийг эмчилж буй эмч нь Зимбабве хүн төдийгүй маш, бүр маш хар” хэмээн хэлснийг төрийн “Herald” хэвлэл эш татан мэдээлжээ.
Мугабегийн гадаад эмчид ханддаг цорын ганц шалтгаан нь нүд гэнэ. Тиймээс Мугабе ажил хэргийн уулзалтаар үе үе нүдээ аних шаадлага гардаг, энэ нь унтаж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлдэг хэмээн хэвлэлийн нарийн бичгийн дарга нь тайлбарласан байна.
Төрийн тэргүүнүүд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахаар гадаад руу аялдаг нь улс орныхоо эрүүл мэндийн салбарт томоохон цохилт болдог гэж Нигерийн эмч Осахон Энабулеле баталж байна. Учир нь Ерөнхийлөгчдийн эрүүл мэндийн аялал улсад хэдэн сая ам.долларын зарлага гаргадаг гэнэ.
Түүний баталж буйгаар 2013 онд нигеричүүд нэг тэрбум ам.долларыг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ хэлбэрээр гадны орнуудад зарцуулжээ. Харин одоо энэ тоо хоёр дахин нэмэгдсэн гэнэ. Гэтэл 2016 онд эрүүл мэндийн салбарт төсвөөс 800 сая ам.доллар гаргасан байдаг аж. Үндэстнүүдийн хамтын нөхөрлөлийн эрүүл мэндийн нийгэмлэгийн дэд ерөнхийлөгчөөр ажилладаг Энабулеле Нигериэс гарсан энэ мөнгийг улс орныхоо эрүүл мэндийн системд оруулсан бол дээр байсан гэж мэдэгджээ. “Эмнэлгийн шинэ тоног төхөөрөмж оруулж ирэх тухай санаачилгээ биелэгдэшгүй мөрөөдөл хэвээр байгаа нөхцөлд хүмүүс хилийн чанадад эрүүл мэндийн тусламж авахаар гарах нь ойлгомжтой шүү дээ” хэмээн хэлсэн байна.
Үүнээс гадна Нигерийн шилдэг гэсэн эмч нарт гадаадын эмнэлгүүд аятайхан нөхцөл тавьж буй нь байдлыг улам хүндрүүлж буй гэнэ. Энабулеле Нигерийн Ерөнхийлөгчдөө эрүүл энхийг хүсээд, эх орондоо эмчилгээ хийлгэхийг уриалж байна.