Францын нийслэл Парист энэ сарын 21-26-нд болох насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцохоор Монголын чөлөөт бөхийн тамирчид өнөөдөр (2017.08.15) өглөө эх орноосоо мордов.
Монголын эрэгтэй, эмэгтэй баг тамирчид Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном, Ц.Баярсайхан, ОУХМ Б.Батзориг, Ө.Ууганбаяр нарын удирдлага дор энэхүү тэмцээнд бүтэн багаараа оролцоно.
ДАШТ-д манай бөхчүүдээс гавьяат тамирчин О.Насанбурмаа хамгийн олон удаа буюу ес, гавьяат тамирчин Д.Отгонцэцэг долоо, Г.Мандахнаран зургаа, Э.Бэхбаяр, ОУХМ О.Үйтүмэн нар дөрөв, ОУХМ Э.Нарангэрэл, Б.Шоовдор нар гурав, Д.Гомбодорж, Т.Түвшинтулга, А.Батцэцэг нар хоёр дахь удаагаа зодоглоно. Харин ОУХМ Н.Лхамгармаа, Н.Золбоо, Ө.Батзул, П.Орхон, Э.Даваачимэг, Г.Уртнасан гэсэн зургаан тамирчин дэлхийн шилдгүүдтэй анх удаа барилдах гэж байна.