УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар 2023 оны төсвийн тодотголыг баталлаа. Хууль батлагдсантай холбогдуулан ХНХ, Сангийн сайд нар мэдээлэл хийлээ.
Сангийн сайд Б.Жавхлан “Энэ удаагийн төсвийн тодотголоор орхигдсон, тулгамдсан асуудлыг нэг мөр болгосон.
2023 оны төсвийн тодотгол нэг их наяд 896 тэрбум төгрөгөөр батлагдлаа. Ингэснээр Монгол Улсын 2023 оны төсвийн үндсэн тэнцэл 23 их наяд болж байгаа юм.
Цалин, тэтгэвэр, зорилтот тэтгэмж, хүүхдийн мөнгө, нийслэлийн түгжрэлийг бууруулах 21 төслийг үргэлжлүүлэн дуусгах төсвийг шийдсэн тодотгол боллоо.
Өнгөрсөн жилээс хойш авч хэрэгжүүлсэн богино хугацаанд экспорт, төсвийн тэнцлийн алдагдлаас гарах, валютын нөөцийг нэмэгдүүлэх, 2022 оны төсвийн алдагдлыг бууруулах шат дараалсан арга хэмжээнүүдийг авсны үр дүнд бий болсон тодотгол.
2022 оны төсвийн алдагдал 2.4 их наяд төгрөг гарах байсан бол 980 тэрбум болж 1.5 их наяд төгрөгөөр буурсан. Энэ жил 650 сая ам.долларын гадаад өрийг төлж барагдуулаад байна. 9, 12 дугаар сард Хөгжлийн Банкнаас эргэн төлөгдөх нөхцөлтэй хоёр том бондын нэгийг одоогоор төлж барагдуулахад бэлэн боллоо. Евро бондын 500 сая доллароос 390 сая долларыг төлөөд байна. Үлдсэн хугацаанд өрийг барагдуулахаар бэлтгэлээ ханган ажиллаж байна” гэв.