Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ энэ оны эхний таван сарын урьдчилсан гүйцэтгэлээр есөн их наяд төгрөг болжээ.
Энэ нь өмнөх оны мөн үеэс 2.4 (37.5%) их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 8.5 их наяд төгрөг болж, 2.6 (43.2%) их наяд төгрөгөөр тус тус өссөнийг ҮСХ мэдээлэв.
Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2023 оны эхний таван сард 7.1 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.4 их наяд төгрөгийн ашигтай гарчээ.
Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2023 оны тавдугаар сард 1.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 602.6 (48.3%) тэрбум төгрөг, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 1.8 их наяд төгрөг болж, 668.1 (59.5%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн аж.
Харин нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ тус сард 1.5 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 295.7 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ.
Татварын нийт орлого эхний таван сарын урьдчилсан гүйцэтгэлээр 8.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.5 (44%) их наяд төгрөгөөр өссөн болохыг мөн онцлов. Ийнхүү өсөхөд
орлогын албан татварын орлого 953.4 (74.3%) тэрбум төгрөг
нийгмийн даатгалын орлого 318.2 (28.7%) тэрбум төгрөг
нэмэгдсэн өртгийн албан татвар 306.6 (21.6%) тэрбум төгрөг өөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Харин онцгой албан татвар 95.1 (25.1%) тэрбум төгрөгөөр буурсан байгаа юм.