Дорноговь аймгийн Алтанширээ сум дахь Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг БНЭУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй.
Жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадал бүхий тус төслийн бүтээн байгуулалтын технологийн бус барилга байгууламжийн ажил EPC-1-ийн гэрээний хүрээнд эхэлсэн.
EPC-2 багц ажлын хүрээнд технологийн байгууламжууд баригдах бол EPC-3 багц ажлын хүрээнд дулааны цахилгаан станц ашиглалтад орно.
EPC-2 болон EPC-3 багц ажлын гэрээ 2022 онд байгуулагджээ. Тус үйлдвэрийн газрын тос дамжуулах хоолой барих ажлын ерөнхий гүйцэтгэгчээр шалгарсан БНХАУ-ын төрийн өмчит “Norinco International Cooperation”компани 2022 оны сүүлчээс ажлаа эхлүүлсэн байна.
“Тус үйлдвэрт хил гаалийн нөхцөл байдлаас үүдэж бараа материалын хомсдол, НӨАТ-ын хөнгөлөлт, чөлөөлөлтөөс үүдсэн алдагдал, мөн ажиллах хүчний визийн асуудал зэрэг бэрхшээл гарсан.
Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орноор Монгол Улс түлш, шатахууны импортын хамаарлаас гарна, нефть-химийн аж үйлдвэрийн шинэ салбар бий болно, гадаад худалдааны алдагдал буурах боломж бүрдэнэ.
Стратегийн өндөр ач холбогдолтой уг төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө Засгийн газар анхаарч ажиллаж байгаа”-г төслийн бүтээн байгуулалтын ажилтай танилцах үеэрээ ЗГХЭГ-ын дарга мэдэгдэв.
Дотоодын түүхийн эдэд тулгуурласан Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2020-2024 онд барьж байгуулах төлөвлөгөөтэй байна.