Шадивлан, Жигжид, Хуурай мухар, Бэлхийн ам зэрэг зуслангийн дөрвөн аманд орц, гарц гаргана.
Иргэд дур мэдэн газраа нэмж хашаалснаас зуслангийн бүсэд эмнэлгийн тусламж авах, гамшиг ослын үед онцгой байдлын машин явах боломжгүй нөхцөлийг үүсгэсэн. Зарим иргэд гэртээ орохын тулд хэдэн айлын хашаа дамнан алхах тохиолдол ч ихэсчээ. Тийм ч учраас Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд ирдэг өргөдөл, хүсэлтийн 50 орчим хувь нь орц, гарц гаргах талаар ханддаг байна.
Тиймээс зуслангийн бүсийн 26 аманд дахин төлөвлөлт хийж эхэлсэн бөгөөд Шадивлан, Жигжид, Хуурай мухар, Бэлхийнх дуусч, орц, гарц гаргах ажлыг эхлүүллээ.
Төлөвлөлтөд тухайн амны оршин суугчдын санал, оролцоог тусгах бөгөөд хувь хүний объектыг дайруулж газар чөлөөлөхгүй, харин бага хэмжээгээр хашааг татах асуудал гарна гэж НЗДТГ-аас мэдээллээ.
Тус дөрвөн аманд орц, гарц төлөвлөж гаргаснаар иргэдийн эрүүл агаарт гарах нөхцөлийг бүрдүүлж, ойн сан бүхий газрын орц, гарцыг шийдэж, зогсоол байгуулж, явган аялах нөхцөлийг бүрдүүлэх юм байна.