Хэрх, тулай зэрэг өвчтэй хүмүүст хонины мах зохимжгүй, мөн мах чанахдаа нитгэл буюу хөөстэй шөлийг асгах нь эрүүл мэндэд нэн тустай талаар уламжлалтын анагаах ухааны “Наран М” клиникийн тэргүүлэх зэргийн эмч Ш.Ариунжаргалын зөвлөгөөг хүргэж байна.
-Монгол малын иддэг 80 төрлийн ургамлын 30 гаруй нь хүний биед ашиг тустай гэдгийг судлаачид тогтоосон. Монголчууд мах идэж эдгэж, махаа идэж л хүн болсоор ирсэн ч сүүлийн жилүүдэд махнаас болж өвдөөд байгаагийн шалтгаан юу вэ?
-Монголчууд махыг ингэж их иддэггүй байсан юм. Одоо өдөрт гурван удаа махан хоол иддэг болчихсон. Махыг өвлийн улиралд өдөрт нэгээс хоёр удаа иддэг, зуны улиралд цагаан идээгээр гэдсээ цайлгаад явчихдаг байсан. Энэ уламжлал алдагдсан. Хоёрдугаарт, сүүлийн үеийн махны чанар муудсан. Бэлчээрийн гэхээсээ илүү янз бүрийн тариа, вакцин, антибиотик хэрэглэдэг болчихсон, малд. Антибиотик тарьсны дараа 14 хоногийн дараа, вакцинаас 21-30 хоногийн дараа мах, сүүг нь хүнсэнд хэрэглэх ёстой байтал өнөөдөр малаа тарилаа, маргааш нь нядлаад хүнсэнд явуулчихдаг. Худалдаанд ирсэн малын махнаас янз бүрийн идээ бээр, ээдэрсэн цагаан юм гарлаа гээд байдаг чинь мэргэжлийн хүн, мал эмнэлгийн эмчийн тарих ёстой тариаг малчид өөрсдөө дур мэдэж малдаа тарьдагтай холбоотой. Гэтэл тариаг арьсан дор, арьсан дотор, судас, булчинд хийх, арьсны дор хэдэн мм, см-т хийх вэ гэдэг чинь тус бүрдээ маш нарийн. Мал чинь яг л хүнтэй адилхан шүү дээ. Тийм тариануудыг мэргэжлийн бус хүмүүс хийгээд байгаа учраас малын мах хордоод байгаа юм. Монголчуудын нийтлэг хэрэглэдэг “Ивомек” гэдэг тариа хавдар үүсгэдэг гэдгийг дэлхийн анагаах ухаан баталчихсан шүү дээ. Уг нь вакцин юм билээ. Гэтэл манайхан мал нь өвдвөл “Ивомек”, тарга тэвээрэг нь алдагдвал “Ивомек” тарьдаг. Эм тарианы ийм замбараагүй хэрэглээнээс малын эрүүл мэнд алдагдсан. Малын эрүүл мэнд алдагдсанаас хүний эрүүл мэндэд онцгой, ноцтой аюул учраад байна. Энэ бол бодитой. -“Хонины мах битгий ид, үхрийн мах л ид” гэх болжээ.
– Энэ ямар учиртай юм? -Үхрийн мах тэгш чанартай. -Тэгш чанар гэж …?
-Халуун ч биш, хүйтэн ч биш тэгш чанартай гэсэн үг. Хонины мах халуун, хурц чанартай. Тослог ихтэй мах. Хүмүүс анзаарвал хонины мах их иддэг хүмүүсийн шээс илүү үнэртэй байдаг. Та бүхэн ч өөрсдөө ажиглаад үзээрэй. Үхрийн мах тогтмол хэрэглэдэг хүмүүс хонины мах идэж чадахаа больчихдог. Хонины махыг идэж болно. Монголчууд аль болох тарган, нас бие гүйцсэн хонины мах идээд байдаг. Ингэж болохгүй. Аль болох хурга, төлөгний мах ид. Гадныхан хурганы мах сонгож хэрэглээд байдаг нь учиртай. Хонины нас нэмэгдэхийн хэрээр маханд нь холестрин хуримтлагдаад байдаг. Хонины мах хэдий чинээ тарган, хэдий чинээ насжилттай байна, идэхэд амттай ч хүний биед шим болохоосоо өөх тос, холестериний хэмжээг нэмээд байх магадлал өндөртэй.
-Тэгвэл ямар өвчин, зовиуртай хүмүүс хонины махны хэрэглээгээ багасгах буюу идэхгүй байвал зохилтой вэ?
-Хонины мах хүүхдүүдэд зүгээр. Хүүхдүүд бадганы, өсч яваа организм учир идсэн ууснаа маш сайн шингээж чаддаг. Хүүхдийн хоол боловсруулах эрхтэн систем хэвийн ажиллаж байгаа, нөгөөтэйгүүр энзимийн хувьд хоол боловсруулдаг ферментийг сайн ялгаруулдаг. Хонины махыг хөгшин хүн, хүүхдийн хоол гэдэг ч сүүлийн үед хөгшчүүл хонины мах идэхэд зохимжгүй болоод байна.
-Яагаад?
-Артерийн даралт ихэсдэг, нойр булчирхай, элэг, цөс, бөөр өвддөг хүмүүст хонины мах зохимжгүй. Зөвхөн тулай ч биш, хэрх, хэрхлэг гээд үе мөчний өвчин гэхэд 300 гаруй янз байдаг юм. Ихэнхэд нь хонины мах 100 хувь тохирохгүй. Яагаад вэ гэхээр хонины мах бөөр, элгээр шимэгддэг. Хүмүүс ходоодонд хоол боловсордог гэдэг ч эцсийн эцэст хоолыг шингээдэг гол эрхтэн чинь бөөр, элэг. Хонины мах бөөр, элгэнд илүү их ачаалал өгөөд байдаг юм болов уу даа гэж олон жилийн туршлагаасаа анзаарч байна. Үлдэгдэл азот ихтэй мах байхгүй юу. Тиймээс идэр насныхан, үе мөчний өвчтэй хүмүүс, элэг, бөөрний үрэвсэлтэй, нойр булчирхайн өвчтэй хүмүүст хонины мах зохимжгүй.
-Ямар хүмүүст хонины мах тустай вэ?
-Халуун, хурц, хүнд, тослог шинж чанартай мах тул цус багатай, даралт багатай, хөл гар нь хөрдөг хүмүүст зохино. Хүүхдүүдэд зохино. Жаахан хүүхдүүдэд хонины махаар хоол хийгээд өгчихөд зүгээр.
-Мах чанахад гардаг нитгэлийг сайн, муу гэж талцдаг боллоо. Нитгэлийг авч хаях ёстой, мах чанаж буй эхний 1-2 шөлийг шууд асга ч гэх юм?
-Хонины мах пурин гэж уургийн агууламж өндөртэй. Тэр уураг нь ялангуяа нитгэлд их байдаг. Пурин элгэнд задарч чадахаа болихоороо юм уу эсвэл бөөрөөр шээс болж ялгарч чадахгүй болохоор шээсний хүчил ихсээд тулайтаад байдаг. Тулай өвчин сэдрээд байдаг. Тийм учраас үхэр, хонь, тахиа ч бай ямар ч мал, амьтны махыг чанаж буй шөлний нитгэлийг хамж аваад, эхний шөлийг нь асгачихад зүгээр. Гадны гоё гоё хоол хийдэг газрууд шөлөө 2-3 удаа зайлж, буцалгаж байж хоолоо хийдэг. Манайхан их сайндаа л нитгэлийг нь хамаад байдаг. Хүнд өвчтэй хүмүүс эхлээд хоол хийх махаа сайн угаах ёстой, дараа нь шөлөө буцлангуут нь асга. Энэ үйлдлээ 2-3 удаа давтана гэсэн үг. Ингэж хэвшвэл эрүүл мэндэд тустай.