Аялал хийх маршрутаа гаргах: Аялалд гарахдаа анхаарах нэг чухал зүйл нь хэзээ, хаашаа явахаа шийдэх юм. Хөдөө орон нутгаар аялах бол аль замаар явах, замдаа үзэж болох үзвэр болон байгалийн үзэсгэлэнт газрууд, дайран өнгөрөх хот, тосгодуудаа тэмдэглэсэн маршрут гаргаарай. Жишээ нь: Хөвсгөл нуур явах бол Амарбаясгалант хийд болон Булганы Уран тогоо зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудыг үзэх эсвэл Архангайгаар дайран Хоргын тогоо, Тэрхийн Цагаан нуур үзэх гэх мэтээр маршрутаа гаргаарай.
Аялалын турш өмсөх гутал, хувцасаа зөв сонгох: Хэтэрхий олон хувцас авч явахгүй байх. Очих гэж байгаа газрынхаа байгалын онцлог цаг агаартай урьдчилан танилцаж, өмсөх хувцсаа бэлдээрэй. Өмсөх үгүйгээ мэдэхгүй олон хувцас цүнхэндээ хийх хэрэггүй. Аялал, алхалтын зориулалттай ус чийгний хамгаалалттай ГУТАЛ, зузаан болон нимгэн нэг ӨМД, мөн зузаан болон нимгэн ЦАМЦ, салхи борооны хамгаалалттай нимгэн КУРТИК, аялалын хоногтоо тааруулж солих ОЙМС гэх мэтчилэн цөөрүүлээрэй. Хэрэгцээгүй олон хувцсыг ээлжилж өмсөх шаардлага гарахгүй ч байж мэднэ.
Зөөврийн цэнэглэгч: Аялалын дурсамж дүүрэн зураг дарж үлдээхэд гар утас, камер цэнэгтэй байх хэрэгтэй. Камер, гар утасны цэнэг дуусахад хаана гэж тог цахилгаантай, залгууртай газар хайгаад явах вэ? Тиймээс зөөврийн цэнэглэгч авч явах нь зохимжтой. Тог цахилгаантай залгууртай газар түр саатахдаа зөөврийн цэнэглэгчээ цэнэглээд явахаа мартуузай.
Замдаа идэх амттан, чихрээ битгий мартаарай: Урт аяллын замд таны нөхөр болох зүйл бол яалтчгүй амны зугаа гаргах чихэр, самар юм. Мэдээж орон нутгийн болон замын дэлгүүрээс авч болох ч илүү өндөр үнээр худалдаалагддаг тул урьдаас бэлдээд явбал мөнгөнд хэмнэлттэй бас өөрийн хүссэн амттанаа идэх боломжтой байна.
Мартаж болохгүй жижиг зүйлс: Хол замд машинд явахад машинаа цэгцтэй байлгахын тулд мөн байгалиа бохирдуулахгүйн тулд хогны уут заавал авч яваарай. Халуун, хүйтэн, бороотой, шороотой гээд байгалын олон үзэгдэлтэй өдрүүд таарч болох тул халуун хүйтнээ баридаг усны сав, нарны шил, чийгний гудас хэрэг болно шүү.