Гадагшаа сайн сургуульд суралцахыг хүсдэг ч хаанаас эхлэхээ, хэнээс зөвлөгөө авахаа мэдэхгүй байгаа залуус анхаарлаа хандуулаарай
Боловсрол бол үнэнчээр мөрөөдөлдөө хүрч чадах цорын ганц түлхүүр бөгөөд харин үүнд тусалж чадах гол зүйл бол хөдөлмөр юм. Ерөнхий боловсролын сургуулиа эцэг, эх, багш нарынхаа удаан хугацааны дэмжлэгээр төгссөний дараа хүүхдүүд амьдралдаа хийх хамгийн чухал сонголтыг бие даан хийх болдог. Энэ бол ирээдүйн амьдралаа авч явах мэргэжлээ хэрхэн сонгох болон хаана, ямар сургуульд суралцах вэ гэдгээ шийдэх сонголт юм. Монгол улсад тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн жагсаалт байдаг бөгөөд залуучууд мэргэжлээ сонгохдоо үүнийг их хардаг болсон. Мөн хөдөлмөрийн зах зээл дээр илүү эрэлттэй, цалин сайн мэргэжлүүдийг залуус эцэг, эх болон найзуудтайгаа зөвлөж тодорхойлдог. Гэвч эдгээр мэргэжил нь одоо эрэлттэй зүйл байж болох ч хамгийн гол нь өөрөө үлдсэн амьдралынхаа турш үүнийг хийхийг хүсч байна уу гэдгээ эхлээд сайн бодох хэрэгтэй. Манай улс эдийн засгийн хувьд өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахуйц боломжтой биш ч гэлээ сүүлийн жилүүдэд оюутан, сурагчдыг дэмжихэд зориулсан ажлууд их хийх болсон. Үүний нэг нь дэлхийн шилдэг их сургуулиудад суралцах эрхээ олж авч чадсан сурагчдад төрийн сангийн зээлээр болон тэтгэлгээр суралцахад дэмжлэг үзүүлдэг болсон явдал юм. Хэдийгээр бүгд л гадаадад суралцахыг хүсдэг ч тэднээс мөрөөдлийнхөө төлөө тууштай явдаг залуус тийм ч их биш. Тэгэхдээ энэ нь нөгөө талаар үнэхээр өндөр боловсрол эзэмшихийг хүсч буй хүүхдүүдэд илүү их боломж болдог.
Мэргэжлээ сонгохын өмнө
Эхний зөвлөгөө бол тэтгэлэг олгохоор амласан мэргэжил дундаас аль нэгийг нь сонгохоо түр азнаарай. Харин эхнээсээ өөрийнхөө хүссэн мэргэжлээр, хүссэн сургуульдаа тэтгэлэг авах боломжтой гэдэгт итгэх хэрэгтэй. Өмнө нь дурьдсанчлан тэтгэлэг авах өрсөлдөөнд Монгол залуус төдийлөн олноороо оролцдоггүй. Дэлхийн бусад улсуудад хүн амын тооноосоо шалтгаалаад тэтгэлэг олгох хөтөлбөрт үлдэх магадлал хамаагүй бага. Дээр нь тэд сайн боловсролыг үнэлэх үнэлэмж нь биднээс тодорхой хэмжээгээр илүү учраас биднээс хамаагүй илүү өрсөлдөөнтэй байдаг.
Ямар боломж байгаа вэ?
Хэрвээ та дэлхийн шилдэг 100 сургуулийн 1-21-т жагсдаг сургуульд тэнцвэл мэргэжил үл харгалзан зээл авах боломжтой. Дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл тогтоодог олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Times Higher Education World University Rankings” (THE) болон “Academic Ranking of World Universities” (ARWU) жагсаалтын эхний 100-д багтсан их сургуулийг дэлхийн шилдэг их сургуульд тооцно.
Энэ жагсаалтын эхний 21 сургуульд тэнцэх нь маш хэцүү, өрсөлдөөнтэй ч гэсэн амьдралд чинь тохиох томоохон шалгууруудын нэг байх болно.
Таны мөрөөдөл үүнээс ч илүү том гэж бодож байна. Тиймээс жижгээс нь эхлээд бүгдийг хийж чадна гэдэгтээ итгээрэй. Дэлхийн шилдэг их сургуулиудын топ 100 жагсаалтын 30-50 хувийг Америкийн их сургуулиуд эзэлдэг. Үүнд ч бас өөрийн гэсэн давуу тал бий. АНУ-д эхний 1-2 жил ерөнхий мэдлэг олгох сургалт ордог. Тиймээс мэргэжлээ хараахан сонгоогүй залуус эхлээд сургуульдаа орж, орчинтойгоо дасч байх зуураа ирээдүйгээ тайвнаар шийдэх боломжтой. Учир нь тэд ч мөн адил мэргэжил сонгоход цаг их шаардагддаг гэдгийг ойлгож, оюутнууд суралцаж байх хугацаандаа өөрийгөө танин мэдэхэд нь бүхий л талаас нь дэмжин тусладаг. Тодорхой төлөвлөгөө амжилтанд хөтлөнө Гадаадад сайн сургуульд суралцахыг хүсдэг ч хаанаас нь эхлэхээ шийдээгүй, хэнээс зөвлөгөө авахаа мэдэхгүй байгаа хүмүүст хийх ёстой зүйлсийн жагсаалт гаргахад нь зориулж бяцхан дараалал сонирхуулъя. Та оюутан ч бай, эсвэл арван жилийн сурагч ч бай эдгээр зүйлсийг бэлдэж, хийж дуусгах хугацаагаа төлөвлөөрэй.
1. Хугацаа: Хамгийн гол нь сургуульд явахаасаа нэг жилийн өмнөөс бэлтгэлээ эхлээрэй. Энэ хугацаа бол хэлний шалгалтуудаа өгч, материалаа бүрдүүлж, сургуульдаа тэнцэх боломж нэмэгдүүлнэ. Тиймээс заасан хугацаандаа амжиж бүх материалаа явуулах хэрэгтэй.
2. Сонголт: Америк эсвэл Европ гэдэг сонголтын талаар ихэнхи хүмүүс боддог. Мөн Канад, Австрали эсвэл Азийн аль нэг орны талаар та бодож байж болох юм. Эхлээд таван тивийн аль улсад сурах вэ гэдгээ шийдээрэй. Хэрэв мэргэжлээ сонгож амжсан бол тухайн мэргэжлээр аль улс сайн боловсрол олгодог вэ гэдгийг судлаарай.
3. Хэлний шалгалт: Сонголтоо хийсний дараа хийх зүйл бол тухайн улсынхаа хэлний түвшин тогтоох шалгалтыг өгөх хэрэгтэй. Магадгүй тухайн оронд англи хэл үндсэн хэл нь биш байсан ч ихэнх улсад англи хэлний шалгалтын оноо шаарддаг. Мөн ганцхан англи хэлний шалгалтын оноогоор сургуульд бүртгүүлэх боломж байдаг. Англи хэлний хувьд SAT (ACT), SAT ( Subject Test), TOEFL IBT, IELTS шалгалтуудыг голчлон өгнө. Та ямар сургуульд орох гэж байгаагаас эдгээр шалгалтын аль нэгийг өгнө гэсэн үг юм. Тиймээс босго оноог чухалжилж, түүндээ хүрэх гэж хичээх хэрэгтэй. SAT (ACT) шалгалт бол голдуу Америкийн ахлах сургуулиудын сурагчдын өгдөг элсэлтийн ерөнхий шалгалт юм. Америкийн их, дээд сургуулиудад суралцахыг хүсэгч гадаад, дотоодын сурагчид бүгд өгөх ёстой байдаг. SAT ( Subject Tests) бол суралцах гэж буй салбар, эсвэл өөрийн сонгосон 2-3 төрлийн хичээлээс хамаарч өгөх шалгалт юм. Хэрвээ та магадгүй анагаахын чиглэлээр суралцах бол хими болон биологи, инжинер болох бол физик болон математик гэх мэтчилэн төрөлжсөн сонголтоор шалгалтаа өгнө. TOEFL IBT нь олон улсын оюутан залуусын хэлний түвшинг тодорхойлдог хамгийн итгэмжлэгдсэн шалгалтуудын нэг бөгөөд 130-аад орны 9000 гаруй их дээд сургуулиуд оноог нь харгалзан сургуульдаа сонгон суралцуулдаг юм. IELTS-ийн шалгалт нь TOEFL-той эн зэрэгцэхүйц хэлний шалгалт бөгөөд ихэвчлэн Англи, Канад, Шинэ Зеланд, Австрали улсад суралцахыг хүсэгчид өгөхөд тохимрожтой. Гэсэн хэдий ч Америкийн 3000-аад сургууль болон 140-оод орны 9000 сургуульд мөн адил энэхүү шалгалтыг хүлээн зөвшөөрдөг юм.
4. Ямар сургуульд сурах вэ: Хэлний оноогоо тухайн сургуулиудын босго оноотой харьцуулж үзээрэй. Эхний ээлжинд босго оноонд нь хүрч байгаа 5-10 сургууль сонгох хэрэгтэй. Бүртгэлийн хураамжийн төлбөрөөс хамаарч энэ тоог багасгах болон ихэсгэх нь таны сонголт бөгөөд хамгийн гол нь гурав болон түүнээс дээш боломж бүрдүүлэх нь чухал. Бусад орны сурагчид мөн адил олон сургууль руу нэг зэрэг бүртгүүлж, дараа нь сургуульгүй үлдэхээс сэргийлдэг байна. Өөрийнхөө материалыг явуулах зуураа сургуулийн бүртгэлийн гишүүдтэй холбоо тогтоож, зөвлөгөө авах нь таны тэнцэх боломжийг мөн нэмэгдүүлнэ. Тиймээс цахим шуудангаар урьдчилан холбоо тогтоож, сургуульд бүртгүүлэх үйл явцаа дарааллаар нь хэрхэн зөв хийхээ тэдэнтэй бас зөвлөлдөж болно.
5. Эссэ хэрхэн бичих вэ?: Та сургуульдаа бүртгүүлэх үндсэн анкетаа бөглөсний дараа өөрийгөө танилцуулсан эссэ бичих хэрэгтэй. Учир нь ихэнхи сургууль тухайн хүнийг ирээдүйдээ ямар зорилго тавьсан болон сургуулиа хэрхэн сонгосноо өгүүлсэн эссэ шаарддаг. Үүний зэрэгцээ бас ярилцлага хийх нь ч бий. Тэгэхдээ интернэтээр ярилцдаг тул санаа зовох зүйлгүй. Зарим хүмүүс хэлний оноо болон ерөнхий дүн нь тийм сайн биш байсан ч эссэгээ сайн бичсэний улмаас тэнцэх тохиолдол олон байдаг. Ерөнхийдөө эссэ болон ярилцлага таны бүрдүүлэх материалын 50 хувьтай тэнцэнэ гэхэд буруудахгүй. Тиймээс сургуульд бүртгүүлэх эссэ бичих талаар томоохон судалгаа хийх хэрэгтэй ба шилдэг их сургуулиудад тэнцэж чадсан сурагчдын эссэ интернэтэд маш элбэг байдаг.
6. Захидал хэрхэн бичих вэ?: Хэн нэгэн таныг сайн мэддэг хүн өөрийг чинь тодорхойлж өргөдөл гаргаж буй сургуульд бичих захидал хэрэг болно. Ихэвчлэн сурч байсан сургуулийн багш, эрхлэгч нараас авах нь элбэг байдаг. Энэ захиа нь өөрийг чинь тодорхойлох томоохон хүчин зүйл бөгөөд сурлага, багаар ажиллах, бусадтай харилцах чадварыг тань илтгэх болно. Тэгэхээр таныг бусдад сайн таниулж чадах хүнийг олж, сонгох нь чухал учраас нухацтай шийдээрэй.
7. Өөрийгөө таниулах нэмэлт материалууд: Энэхүү хэсэгт өөрийн чинь нийгмийн идэвхийг тодорхойлох зүйлс орно. Хэрвээ та сонирхлоороо ямар нэгэн клуб, спортын баг, сайн дурын ажил, нийгмийн холбоонд гишүүнээр элссэн бол түүнийгээ үзүүл. Эсвэл урлаг, спортын авьяастай бол бас л сайн танилцуулах хэрэгтэй. Сургуульдаа тэнцэхэд эдгээр зүйлс маш их нэмэр болдог. Скаутын холбоо, Улаан загалмайн нийгэмлэг гэх зэрэг багаар ажиллаж, бие биенээ хүндэтгэдэг орчинд үйл ажиллагаанд оролцдог бол сургуульд тэнцэж чадах бас нэг баталгаа болно. Харвардын их сургуулийг өнгөрсөн жил төгссөн монгол залуу Харри Поттерын номыг сонирхлоороо орчуулснаа материалдаа оруулж өгсөн байдаг Сонирхлоороо ном орчуулсан эсвэл магадгүй жижигхэн зургийн үзэсгэлэн гаргасан, найз нөхдөөрөө богино хэмжээний төслүүд дээр ажиллаж байсан тохиолдол бүр энэхүү хэсэгт сайнаар нөлөөлж болно. Мөн мэтгэлцээнд явж байсан, математикийн олимпиадад түрүүлж байсан гээд бүх л сайн түүхээ нэмж болно. Тэдгээр зүйл нь олны анхаарлыг татаж, нэрд гарсан үгүй нь хамаагүй та хийж байсан л бол тэр талаараа дурьдаарай.
8.Бүх материалаа нягталж үзээрэй: Арван жилийн дүнгийн хуулбар болон Монголд, их дээд сургуульд сурч байсан дүнгүүдээ мөн адил илгээх хэрэгтэй. Эдгээр материалуудаас гадна үндсэн шаардлагатай бүх материал баталгаат орчуулгатай байх ёстой гэдгийг мартуузай.
9.Сургалтын төлбөрөө хэрхэн шийдэх вэ?: Та бүртгүүлж буй сургуульдаа тэтгэлэг авах хүсэлт гаргах боломжтой. Хэрвээ үүнийг сонгосон тохиолдолд хэрэгтэй нэмэлт зүйлсийг судлаж, өөрийн материалдаа оруулаарай. Тэтгэлэг бүтэн ба тодорхой хувиар олгоддог ба олдоогүй тохиолдолд Монголын тэтгэлэгийн төсөл эсвэл Төрийн сангийн зээлд хамрагдах хүсэлт гаргах боломжтой. Тэгэхдээ энэ бүхний өмнө нь мэдээж сургуульдаа тэнцсэн байх ёстой. Бас нэг дурьдах зүйл бол эхний удаад хагас жилийнхээ төлбөрийг “зохицуулсан” байвал үлдсэн төлбөрөө тэтгэлгээр олох боломж их бий. Онц сурч, идэвхи санаачлагатай байсан сурагчдад сургуулиас тэтгэлэг олж чадна. Иймээс та л хичээж, алхам бүрт байгаа боломжийг олж харж, ашиглаж чадвал бүх зүйл бүтэх болно.