Их Британийн парламентын гишүүн, Ерөнхий сайдын Монгол Улсыг хариуцсан худалдааны элч Даниэль Кавчинскигийн улс төрийн сонгуульд нь зориулж түүний монгол дахь найз нь 10 мянган фунт стерлинг хандивласан талаар “The Guardian news”-д нийтэлжээ.
Даниэль Кавчинскиг манай улсад өнгөрсөн оны аравдугаар сар /2022.10/-д айлчилсан бөгөөд үүнийхээ дараа нь намынхаа холбоонд монгол найзынхаа өгсөн 10 мянган фунт стерлингийн хандивыг зөвшөөрүүлэхээр лоббидсон гэдэг нь баримтаар ил болсон байна.
НҮБ-ын Ардчилал, сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэнгийн судалгаагаар улс орнуудын 70 хувь нь улс төрийн намуудыгаа гадаадаас сонгуулийн хандив авахыг нь хориглодог . Үүний адил Их Британи улсад ч гадаад хандивлагчдаас хандив авахыг хориглосон хууль, дүрэм журам олон жил мөрдөгдөж иржээ. Иймд Даниэл Кавчински сонгуулийн ажилдаа зориулан их хэмжээний хандив, мөнгөн тусламжийг монголын иргэнээс авсан нь хууль бус хэрэг болж байгаа юм. Манай улсын хувьд ч мөн сонгуулийн үеэр гадаадаас хандив, тусламжийг авахыг нэр дэвшигчдэд хориглодог. Хэрэв авсан тохиолдолд нэр дэвших эрхийг нь түдгэлзүүлж, нэрийг нь татах хүртэл арга хэмжээ авах хуультай.
Иймд Их Британийн парламентын гишүүн Даниэль Кавчинскийн сонгуулийн ажилд нь зориулж манай улсын хэн гэж иргэн хувийн данснаасаа хандив өгөв гэдэг нь анхаарал татаж байгаа юм. Учир нь Даниель Кавчински дээрх асуудлын талаар, “Монгол найз маань хандивласан. Хувийн харилцаа болон миний элчийн үүрэг хариуцлага хоёр бол тусдаа асуудал” гэж мэдэгдсэн байгаа юм.Нью-Иоркийн “Таймс” сонинд нийтэлснээр Даниэль Кавчински нь гадны ядуу буурай, хөгжил дорой улс орнуудад лобби хийх замаар уул уурхайн компаниас өндөр цалин авч, ашиг сонирхлоо гүйцэлдүүлдэг гэх ноцтой мэдээлэл нийтлэгджээ. Мөн уг нийтлэлд Монголд саяхан айлчилсан талаар нь дурдсан байгаа юм. Үүнээс үзвэл түүнд 10 мянган фунтыг сонгуульд нь зориулж хандивласан эрхэм Монголын уул уурхайн салбарын нэлээд нэр нөлөө бүхий эрхэм гэж үзэх үндэслэл байна.
Даниель Кавчински хэлэхдээ, “Би улс төрийн санхүүгийн тухай хууль тогтоомжийг дагаж мөрдөж, Сонгуулийн хорооноос зөвлөгөө авсан. Гадны улсаас хандив авах нь зохисгүй зүйл боловч олон жил танил байсан, хандив өгөх чадвартай найзаасаа авах нь маргаангүй асуудал. Үүнийг хууль зөрчсөн гэх үндэслэл бага” гэж мэдэгджээ.