НҮБ-ын Зэвсэг хураах асуудал эрхэлсэн орлогч, Ерөнхий нарийн бичгийн дарга Изуми Накамицу Монгол Улсад ажлын айлчлал хийж, энэ үеэр Улаанбаатар хотноо энэ оны зургаадугаар сарын 15–16-ны өдрүүдэд болох Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаар “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 8 дугаар бага хуралд оролцоно. Мөн Монгол Улсын Их Сургууль дээр залуу судлаачид, оюутнуудад зориулан “Олон улсын болон бүс нутгийн зэвсэг хураах огтлолцол: Ирээдүйн сорилт ба боломжууд” сэдвээр илтгэл тавина. НҮБ-ын Зэвсэг хураах асуудал эрхэлсэн орлогч Ерөнхий нарийн бичгийн даргын энэхүү айлчлал нь олон улсын энх тайван, аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусыг бэхжүүлэх үйлсэд оруулж буй манай улсын хувь нэмрийг үнэлж буй хэрэг юм. Изуми Накамицу 2017 оны гуравдугаар сарын 29-ний өдрөөс НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерришийн тушаалаар томилогдсон НҮБ-ын Зэвсэг хураах асуудал эрхэлсэн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч юм. Тэрээр БНСУ-ын Ким Вон Сүгийн халааг авсан билээ. Үүнээс өмнө тэрээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Ерөнхий нарийн бичгийн даргын туслах, администраторын туслах, хямралын үед хариу арга хэмжээ авах албаны даргаар ажиллаж байсан туршлагатай юм.