Холбооны бүгд найрамдах Герман Улсын Берлин хотноо болох “БЕРЛИН 2023” Тусгай Олимпын Дэлхийн зуны наадамд оролцохоор Монгол Улсын баг тамирчид өнөөдөр эх орноосоо хөдөллөө. Энэхүү наадамд 190 гаруй орны 7000 орчим тамирчин спортын 20 төрөлд өрсөлддөг. Монгол Улсаа төлөөлөн Улаанбаатар хотоос гадна Баян-Өлгий, Завхан, Орхон, Төв, Сүхбаатар, Говь-Алтай, Дорнод, Өвөрхангай, Хөвсгөл, Ховд аймгийн нийт 44 тамирчин хөлбөмбөг, гар бөмбөг, сагсан бөмбөг, жүдо, усан спорт, ширээний теннис, боччи, бадминтон, хөнгөн атлетик зэрэг 9 төрлөөр оролцох юм. Тамирчдаас гадна 18 багш дасгалжуулагч, эмч, арын албаны хүмүүс явж байна. Монгол Улсын баг тамирчид өнгөрсөн хугацаанд буюу 2015, 2017, 2019 онуудад болсон тусгай наадамд амжилттай оролцож байсан юм.