Улсынхаа нэр хүндийг гутааж эмэгтэй хүнд хүндэтгэлгүй хандсан хэргийн тухай асуудлаар УИХ-ын Дэд дарга С.Одонтуяа, Хүний эрхийн хуульч Р.Булгамаа нарын хүмүүс мэдээлэл өглөө.
УИХ-ын Дэд дарга С.Одонтуяа: “Сэлэнгэ аймгийн Мандал сумын орлогч дарга Мөнхбат гэх этгээдийн үйлдсэн бузар гэмт хэрэг олон улсад Монгол Улсын нэр хүндийг гутааж байна. Монголын соёлыг сурталчилна гэж ийм муухай хүчингийн хэрэг хийдгээ сурталчлах гэж байгаа юм уу. Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо болон хувиасаа энэ байдлыг орхихгүй. Цаашид энэ зүйлийн төлөө тэмцэхгүй бол хэн дуртай дарга нь хүчингийн хэрэг хийж байдаг, хэн дуртай дарга нь Монгол Улсын нэр хүндийг гутааж байдаг асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй” гэлээ.
НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа: “Зуны сар дундаа орж байна. Эмнэлгээр ханиадтай хүүхдүүд дүүрэн байна. Яагаад ийм байна вэ гэхээр утаагүй түлшийг дөрвөн улирал харгалзахгүй хэрэглэж байна. Утаагүй түлш агаарын бохирдол дөрвөн улирал дамнан асуудал үүсгэж байна” гэлээ.
Мөн эмэгтэйчүүдийн төлөөлөл: “Би өнөөдөр Монголын эмэгтэйчүүдийг төлөөлөөд зогсож байна. Монгол Улсын төрийн өндөр албан тушаалтнууд буюу УИХ-ын гишүүн, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын орлогч дарга гэх эдгээр эрчүүд монголын нэр хүнд төдийгүй, эмэгтэйчүүдийг доромжилсон хүчингийн үйлдлийг удаа дараа гаргаж байгаа. Тиймээс цаашид энэ асуудлыг гаргуулахгүйн тулд эмэгтэйчүүд бид хатуу тэмцэх шаардлагатай юм байна.
- Төрийн эрх барьж байгаа МАН, Сэлэнгэ аймагт засаглаж байгаа МАН бүгд Монголчууд, эмэгтэйчүүдээс уучлалт гуйхыг шаардаж байна.
- Дээрх хүмүүст хатуу арга хэмжээ авдаг болох хэрэгтэй” гэлээ.
Хүний эрхийн хуульч Р.Булгамаа: “Монголын төр төрийн албан хаагчдадаа, МАН гишүүддээ жендэрийн тэгш байдлын ойлголт суулгадаггүй. Хүний эрх эрх чөлөө, үнэ цэнийн талаар ёс зүйн талаар шаардлага тавьдаггүй байдал нь ийм хавтгайрсан хүчирхийллийн шинжтэй үйлдлүүдийг өдөөж байна. Эмэгтэйчүүд бид гэмт хэрэгт холбогдсон этгээдэд болон түүнийг илгээсэн байгууллагад ёс зүйн болон хуулийн хариуцлага хүлээлгэхийг МАН, эрх баригчдаас шаардаж байна. Монгол Улсын Эрүүгийн хуулиас 2017 онд санаатайгаар хассан “Бэлгийн дарамт учруулах” гэсэн заалтыг сэргээн хуульчлахыг эмэгтэйчүүд бид шаардаж байна. Эх орондоо хүчирхийлэлд өртөж байгаа хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгохыг эрх баригчид хууль тогтоогчдоос шаардаж байна” гэлээ.