Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд мэдээлэв.
Улсын Их Хурлаар Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль 2012 онд батлагдаж, 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулж, тус хуулийн нэмэлт өөрчлөлтөөр ашиглагч нь хамгаалагч, бохирдуулагч нь төлөгч байх зарчмыг баримталжээ. Бага бохирдуулбал бага, их бохирдуулбал их төлбөр төлж, хаягдал усаа стандартад нийцүүлэн цэвэрлэж, эргүүлэн ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг төлбөрөөс хөнгөлөх, чөлөөлөх зэргээр бодлогоор дэмжих асуудлыг тусгажээ.
Уул уурхайн компаниуд ихэвчлэн ашигласан усаа эргүүлэн ашигладаг. Тухайлбал
2020 онд 3.3 тэрбум төгрөг,
2021 онд 4 тэрбум,
2022 онд 3.9 тэрбум,
2023 оны эхний хагас жилд 0.9 тэрбум төгрөгийн төлбөрийг чөлөөлжээ.
Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль, түүнийг дагалдан гарсан Засгийн газрын 1 тогтоол, Засгийн газрын гишүүдийн хамтарсан 4 тушаал, БОАЖ-ын сайдын 5 тушаал, усны чанарын 5 стандарт зэрэг 15 эрх зүйн баримт бичгийг мөрдүүлэн ажиллаж байгаа талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээллээ.
Мөн тэрбээр, Усны тухай хуулийн 24.2-д заасны дагуу хоногт 50 шоо метрээс их, аюултай бохирдуулах бодис агуулсан хаягдал ус гаргадаг ус бохирдуулагчид усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дүгнэлт гаргаж, тус дүгнэлтийг үндэслэн сав газрын захиргаа, хоногт 50 шоо метрээс бага хаягдал ус гаргадаг, аюултай бодис агуулаагүй ус бохирдуулагчид сав газрын захиргааны дүгнэлтийг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга хаягдал ус хаях, зайлуулах зөвшөөрлийг олгож хуулийн хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа талаар дурдав.
Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш
2020 оны хаягдал усны дүгнэлтээр 16.31 тэрбум,
2021 онд 16.34 тэрбум,
2022 онд 5.44 тэрбум,
2023 оны эхний хагас жилд 1.16 тэрбум төгрөг ногдуулсан.
Энэ сарын 02-ний байдлаар 3.89 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрсөн байна. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хаягдал усыг цэвэрлэж дахин ашиглах, эргүүлэн ашиглах бодлогыг дэмжих, үр ашигтай хэрэглээг төлөвшүүлэх, ус хэмнэх, хаягдал усыг цэвэрлэх, дахин ашиглах техникийн нөхцөл, стандартыг дэвшилтэт технологи, шинжлэх ухааны ололтод тулгуурлан боловсруулж, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байгаа аж.
Түүнчлэн Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн дагуу өрхийг 100 хувь чөлөөлж, үйлдвэр үйлчилгээндээ хаягдал усаа цэвэршүүлэн эргүүлэн ашиглабал ашигласан усны хэмжээгээр төлбөрөөс чөлөөлдөг байна.